레이블이 ИТГЭЛИЙН МАССАЖ인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 ИТГЭЛИЙН МАССАЖ인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2010년 2월 24일 수요일

Ким Дэжүн ерөнхийлөгчийн аугаа итгэл

Христ итгэлт ерөнхийлөгчийн захидалууд


Ёонсей их сургуулийн номын санд өмнөх ерөнхийлөгч Ким Дэжүний хувийн номын санг хандивласан “김대중 전대통령 기증 도서” гэсэн бичигтэй нэлээн хэдэн эгнээ байдаг. Тэр аугаа хүний гарын хээтэй ном гэж бодон зүгээр л сонирхон үзэх дуртай. Тэгэж яваад “Prison writnings, KIM DAE JUNG” гэсэн ном оллоо. Түүний шоронд байхдаа бичсэн захидалуудыг эмхтгэсэн номыг англи хэл дээр орчуулсан ном байв. Тэгээд өчигдөр уншиж үзээд түүний ямар сайн итгэгч байсаныг мэдэж, бурханд ямар аугаа үнэнч байсныг нь биширч энэ номын тухай хуваалцахаар шийдлээ. Нойроо хүргэх гэж уншсан биш нойрыг минь бүр үргээж орхисон шүү энэ ном.

Эхлээд түүний тухай, иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн солонгосын ерөнхийлөгчийн тухай товчхон дурдъя.
Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр “Солоносын улс төрийн нэгэн том багана болох Ким Дэжүн ерөнхийлөгч 2009 оны 8 сарын 18-ны өдөр үдээс хойш 1 цаг 43 минутад 85 насандаа таалал төгслөө” хэмээн мэдээлсэнээс хойш энэ мэдээлэл 2009 оны хамгийн их олны анхаарал татсан мэдээ болжээ.

1971 оны сонгуулиар ерөнхийлөгч Пак хүч хэрэглэх, санал худалдан авах зэргээр шударга бус арга хэрэглэсний хүчинд Ким Дэжүнийг арай чүү ялжээ. 1973 онд KCIA(манайхаар бол дотоод яамныхан) Ким Дэжүнийг японд байхад зочид буудлаас нь барьцаалан авч далайд шидэж алах төлөвлөгөөтэй япон тэнгис аван гарчээ. Тэр ч бүү хэл 1980 оны 9 сарын шүүх ажиллагаагаар түүнийг цаазаар авах ял оноосон байв. 1985-1986 онд тэрээр солонгосын засгийн газрын бүрэн хяналт гэрийн хорион дунд амьдарч байсан нь шоронгийн хорионоос ч бэрх сэтгэл зүйн дарамт байсан биз ээ.

Шоронд байгаа сэхээтэн хүнд хамгийн хэрэгтэй мөртлөө хамгийн ховор зүйл бол хуудас цаас байдаг. Чойном шоронд байхдаа чихрийн цаасан дээр шүлгээ бичиг байсан гэдэг. Ким Дэжүн “хоригдол”ыг ч энэ ёс тойрсонгүй. Ганцхан хуудас цаасанд хэлэх гэсэн үгээ багтаах гэж ямар их хичээж байсныг нь нүдэнд үзэгдэх төдий жирийлгэн бичсэн захидлаас нь харж болно.
Ийм нөхцөл байдалд тэр сэтгэл санааны ямар их дарамттай байсан болоо. Энэ дарамт зөвхөн өөрөөр нь зогсохгүй. Гэр бүл үр хүүхдэд нь улам ч хүнд тусаж байжээ. Энэ дарамтыг давж их үйлсийг бүтээж чадах нэгэн хүч түүнд байжээ.
Шоронгоос хүүдээ бичсэн захидалаас нь үүнийг харж болно. Тэрхүү захидалд:
“Чи ааваас болж өдий 30 гарталаа гэрлэх хүсэл чинь хоёр ч удаа бүтэлгүйтэж, хүссэн салбартаа ажиллах боломжгүй болсон. Ирээдүй болон аз жаргалд чинь ингэж саад тотгор болж байгаадаа сэтгэл минь хэрхэн шаналахгүй байх билээ. Гэсэн атал чиний уурлаж бухимдахгүй байхыг харахаад бүүр ч их давчдах юм. Хүүгийнхээ аз жаргалын төлөө бурханд залбирна аа. Чиний тэвчээртэй нигүүлсэнгүй зан яах аргагүй бурханы ерөөл юм даа......... Өмнө нь ч би хэлж байсан даа. Миний гэр бүл бурханд итгэх итгэл, хайр, халуун сэтгэл дунд нэгдэж байгаа нь ямар их аз вэ” хэмээгээд цааш Бурханы хайрыг тайлбарлахдаа
Жич: Бидний өдөр тутам сонсдог, библээс уншдаг үгийг тэр аугаа хүн ямар энгийн сайхнаар, бас ямар итгэл төгөлдөр тайлбарласныг, хүүдээ захисаныг уншихад хичнээ сайхан бас хичнээн ивээлтэй.

“Бурханд итгэх итгэл гэдэг хамгийн энгийнээр хайр юм. Хоёр төрлийн хайр байдаг. Өөрийгөө хайрлах хайр, бурханы хайр буюу хөршөө хайрлах хайр. Эдгээр хайрын нэг нь хувиа хичээсэн, ганцаардмал, ядмаг(selfish, isolating, demeaning) байдаг бол нөгөөх нь буюу бүтээгчийн хайр нь аз жаргал хийгээд мөнхийн амьдралд хөтөлдөг. Хэдийгээр тэр түрүүлж биднийг хайрлан, дэлхийг бүтээж бидэнд даатган үлдээгэд зогсохгүй өөрийн ганц хүүгээ илгээж, сайн мэдээг дуулгаж, гэмгүй хүү Есүсийнх нь цовдлогдсон загалмай дээр гишгэж бид нүглийн шавраас өндийсан ч бурхан өөрийгөө түрүүлж хайрла гэж биднээс шаардаагүй ээ
Есүс дахин амилсанаар бурхан бидэнд итгэл найдвар болоод мөнхийн амьдралыг соёрхсон. Бурхан цаг мөч бүр чамтай хамт байна. Тэр чамайг хайрладаг бөгөөд чи түүнд эргэлзэлгүй итгэж үнэн сэтгэлээсээ дагах аваас амьдаралд чинь зөв буруу алинаас ч болов чамд сайныг бүтээх болно. Чи бурханыг хичээн хайрлалаа ч гэсэн тэр хайр чинь түүний хязгаар үгүй хайрын хажууд тун ч өчүүхэн юм. Энэ үнэн билээ”

Хүндэт ерөнхийлөгчийн сүнсээр сүлэгдэж амаар гарсан эгэл мөртлөө хүчит үгсийг цааш нь үргэлжлүүлье.
“Хөршөө хайрлах хайр ч мөн адил. Хөрш гэдэг маань кристмасын баярын өдөр ч бай, энгийн өдөр ч бай бурханы л хүүхдүүд шүү дээ. Бидний анхаарал халамж тавиж, урам хайрлахыг хүлээж буй хөршдөө туслана гэдэг бурханы хамгийн чухал даалгавар.........
Хайрлах гэдэг амарагүй. Ялангуяа хайрлах хүсэл төрөхгүй ч юмуу, дургүй нэгэнийг уучлан өршөөж, халуун дулаан сэтгэлээр тэврэнэ гэдэг бүр ч хэцүү. Сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөгүй нэгэнийг хайрлана гэдэг бүр ч боломжгүй. Харин бурхан эрхшээлд байж, бурханыг хайх үед энэ боломжтой гэж би итгэдэг.
Үүнийг боломжтой болгодог хэдэн тохиолдол бий. Юун түрүүн өөрийгөө нүгэлтэн гэдгээ ойлгоход энэ боломжтой болдог”

“Өөрийгөө нүгэлтэн гэдгээ ойлгох” гэсэн түүний үг миний амьдралаас өөрнийнхөө хэмжээнд олж авсан нэгэн ухааралын товчхон агуулгатай дүйж байх шиг санагдана. Би бардам зан омголон ааштай. Энэ ааш болоод зан минь “өөрөөсөө холдох” тусам улам гаардаг. Өөрийгөө хэн билээ гэдгээ тунгаан бодохоо болихдоо, өөрийнхөө дутагдлыг мартах үедээ “учир начиргүй уулын орой ширтэх” өвчин даамжирдаг. Хүнийг үл тоомсорлох, голж гоочлох аюулт өвчинд нэрвэгддэг. Харин нэг бүдрээд, хэн нэгэнд “нүдүүлээд”, амьдралаас алганы амт үзэх үедээ би хэн билээ гэж боддог.
“Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байг хүний толгой дээрх өвсийг харж” явсанаа ойлгоод ирэхдээ, өөрийн түм буман дутагдал, буруу зөрүүг ухаараад ирэхээрээ хэнийг ч хүлээн зөвшөөрөхөд бэлэн болдог. Бусдыг хүндлэх сэтгэл төрдөг. Өөрийгөө дутагдлыг ойлгох, нүгэлтэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хоёр нэгэн учигтай билээ л. Тэрээр цааш нь
“Бусдыг үл өршөөх, үзэн ядах нь өөрийн чинь зүрхийг өвчлүүлнэ . Хэрэв бид хайр өршөөл гэдэг зүйлээс татгалзах аваас хүний нийгэмд амар амгалан, эв зохицол гэгч зүйл үгүй болно. Эцэст нь хэлэхэд зөвхөн хүчирхэг болоод уужим сэтгэлт нэгэн өршөөж, хайрлаж чадна. Тэвчье. Бурхан бидэнд дайсны хайрлах, өршөөх хүчийг хайрлана гэж залбиран тэвчье. Энэ замд нэгдье. Хайраар ялагч нэгэн болох замд.”

Чадан ядан үсэглэсэн дээрх зүйл болвоос хүндэт ерөнхийлөгч гяндангийн умгар өрөөнөөс том хүүдээ бичсэн захидалын агуулга болно. Тэрээр сард ганцхан удаа маш хязгаарлагдмал агуулгатай захидалыг зөвхөн гэр бүлдээ хатуу хяналтын доор бичих боломтой байсан юм. Бодол санаагаа шүүж, үгээ тунгааж гарцаагүй хүргэхийг хүссэн үгээ л бичсэн байж таарна . Тэр үг нь бурханы үгс байжээ. Тэрээр бурханы үгээр хүч сэлгэж бурханы үгээр хүүтэйгээ, гэр бүлтэй мэндэлж байжээ. Бурханы үгээр үг захиасаа хэлж байжээ. ТЭРЭЭР ГАЙХАМШИГТ ИТГЭГЧ БАЙЖЭЭ.

Эрхэм ерөнхийлөгчийн итгэлийн захидлыг уншиж, түүний итгэлийн түүх, итгэлийн үгэнд нь сэтгэл хөдөлж бас ухаарч, ойлгож, өөрийн амьдрал, итгэлийн үзүүртэйгээ уяж холбосон минь энэ ээ. “Ивээл их байлаа” гэж хэлж болно. Цаашид энэ номны агуулгаас үргэлжлүүлэн хуваалцахыг бодно оо. Бурхан ч таалах биз ээ.

Англи хэл дээрх ном нь:
PRISON WRITINGS, KIM DAE JUNG, University of California Press, 1986

Бурханы үгээр хандлагдан сүлэгдсэн “сүүтэй цай” мэт үгс бүхэн танд хүрэх болтугай. Тэгээд YDMN-ханы сэтгэлийн алжаалыг тайлж, итгэл болоод сүнсний баяр хөөрийг оргилуулах болтугай.


GOD BLESS ALL OF YOU
GOD BLESS YDMN


Ариунбаатар
2009 оны 12 сарын 11

"ҮГ" хэмээх үгийн өмнө

“ҮГ”-р бүтээгчид болцгооё

ҮГ-г минь сонсох хүмүүс, ҮГ-ээ үлдээх орон зай зөвшөөрсөн аугаа нэгэнд талархаад ундарсан бодол, ургасан үгээ толилуулъя.
Тэрхүү бодол ундраасан үг маань өөрөө “ҮГ” билээ. Эхлэл үгүй, төгсгөл үгүй үг хэмээх зүйлийн тухай бодож, ҮГ хэмээн их хүчний өмнө толгой мэхийн бодлогширч, мөн тэрхүү “ҮГ”-ийг холбон танд хүргэж байна.

Өнөөдөр Нобелийн “Энх тайвны шагнал” хүртсэн хоёр хүний тухай олж мэдлээ. Нэг нь үүний өмнө итгэлийнх нь тухай бичиж та бүхэнтэй хуваалцсан нэгэн билээ. Солонгосын ардчилалын хүндэт эцэг Ким Дэжүн ерөнхийлөгч 2000-нд энэ шагналыг хүртэж байжээ. Түүний хөдөлшгүй бат үзэл нь, амь нас нь аюулын ирмэг дээр хүрээд байхдаа ч, гяндангийн давчуу өрөөн шаналахдаа ч, цаазаар ял сонсохдоо ч өөрчөгдөөгүй хүмүүнлэг, ардчилсан үзэл нь энэ шагналд хүргэсэн байж таарна. Энэ үзэлийнх нь цаана бурханд итгэх бат итгэл байсан юм.
Харин Обама дэлхий нийтийг сэрээж, улс орон бүхнийг “орчин үелэг энх тайванд”-д уриалж, тодорхой хэлбэл цөмийн зэвсэггүй дэлхий болох ёстой хэмээн шийдэмгий хэлж, түүндээ дэлхий нийтийг ятган үнэмшүүлж чадсан үг нь энэ шагналын эзэн болгосон гэж болно.
Товчхондоо үзэл үг хоёр тэднийг нэр хүндэт үйлсийн эзэн болгожээ. Үзэл үгээр илэрдэг. Хүн юу гэж итгэнэ. Түүгээрээ юмыг харж, юманд хандана. Энэ нь үзэл болно. Ким Дэжүн ерөнхийлөгч бурханы нэгэнт хүнд олгочихсон эрх, эрх чөлөөг хүний нийгэм өөрөө гажуудуулах ёсгүй, хүн бүгд адилхан бурханы бүтээл болохын хувьд нэг нэгнээ адил тэгш хүндлэн үзэж, хайрлаж өршөөж чаддаг байх ёстой гэж хөшүүн хатуу цагт хөдлөшгүй бат итгэсэн. Энэ итгэл нь үзэл болсон. Үзэл нь нобелийн шагналд хүргэсэн.
Обамагийн хувьд хүн төрөлхтөн өөрийн хийсэн зэвсэгээр өөр хоорондоо өрсөлдөж, бие биенээ дарангуйлах ёсгүй. Улс орон бүр тэгш эрхтэй, “ЗӨВ” оршин тогтнох ёстой. Бурханы бүтээж өгсөн эх дэлхийгээ хайрлах ёстой. Бид өөрчлөгдөж чадна. Бид хийж бүтээж чадна(We can change. We can do) гэсэн “ҮГ”-г хэлж, “ҮГ”-р итгэл найдвар төрүүлж чадсан билээ.
Ингэж итгэлээс үг төрж, үг өөрөө итгэлийг төрүүлж, амьдралыг өөрчилж, бүтээж чаддаг байна.

“Эхэнд үг байсан, Үг нь Бурхан байсан ” хэмээн Иохан ном эхэлдэг. Яагаад ч юм энэ хамгийн анх миний ой тойнд үлдсэн библийн “ҮГ” билээ. Библийн хаана нь бичигдсэн, хэзээ хаана уншсан, эсвэл сонссоныг санадаггүй байсан ч энэ үг “ҮГ” чигээрээ надад үлдсэн байсан юм.

Угаас амьдрал гэдэг үгээр эхэлж, үгээр бүрэлдэн бий болж, хүний амьдрал үг(дурсамж) болон төгсдөгсөн бус уу. Эхэнд “ҮГ” байжээ хэмээсэн нь ертөнц үгээр үүссэн гэсэн үг бөгөөд “Гэрэл бий бол” хэмээн бурхан хэлэхэд гэрэл бий болсон гэж бичигдээгүй гэж үү. Тиймээс үг хэмээгч нь ширхэг дусал нийлсээр гол мөрөн, далай тэнгис болдог шиг, хүчилтөрөгч нийлсээр агаар мандал болж, нэгэн эс нийлсээр түмэн бодис, мянган амьтан бүрэлддэг шиг анхдагч, бүхнийг бүтээгч “нэгж хүч” буюу.
Оюун санаа, сүнсий хувьд үгийн энэхүү “БҮТЭЭГЧ ХҮЧ” бүр ч хязгааргүй. Үгээс итгэл төрж, үгээр итгэл батжина. Бид ийм хүчит үгээр ярьж, бид ийм үгээр харилцаж, бид ийм үгийг сонсож, ийм үгийг уншиж, ийм төгс хүчит үгээр бичдэг ажээ.
Нөгөө талаас оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн шиг одоо байгаагаас илүүг, онцгой сайхныг бүтээ гэж бүтээхийн хүчтэй “ҮГ”ийг бурхан бидэнд эрх мэдэл болгон, эзэмшил болгон өгсөн гэлтэй. Ийм үгийн өмнө өмнө толгой мэхийн бодлогширном(humbled and mindful). Ийм бүтээхийн эрх, биелүүлэхийн хүчтэй үгээр би бишрэл дүүрэн бичнэм.
Хүн бурханы дүрээр төрсөн юм бол мөн бурханы үгтэй төрсөн байж таарна. Сонсдог, ярьдаг төрөөд, уншдаг бичдэг болсон юм бол бурханы ҮГ-ийн хүчийг өөртөө агуулсан байна гэсэн. Үгийн эрхтэй төрсөн юм чинь бүтээхийн үүрэгтэй, тэрхүү үгээр өөрийн гэсэн “ҮГИЙН БҮТЭЭЛ”г үйлдэхийн зарлигтай болсон байж таарна. Үгийн тэрхүү БҮТЭЭХ ХҮЧ, БҮТЭЭХ ЭРХ, БҮТЭЭХ ҮҮРЭГ-г хэн нэгэнд сайн мэдээ сонсгоход зориулахын тулд ч байж болох юм.
Энэхүү “сайн зарилга”-н доор би сонссон ҮГ-ээ өөрийн ҮГ болгон танд хүргэж байна гэж хэлж болох юм. “ҮГ” хэмээх үгийг ухааруулж, үгийн бүтээх хүчийг ойлгуулсан бурханд талархаад үгээр бүтээхийн үүргээ биелүүлэхийн төлөө хичээх болно хэмээн амлая.
Үгээр бүтээгдсэн дэлхийд төрж, үгээр өсөн, үгэнд итгэсэн та бүхэн минь “бүтээхийн хүчтэй бурханы үг”-ийг хичээнгүйлэн сонсож өөр өөрсдийнхөө “ҮГ”-р бусдыг бүтээн босгогчид болоорой хэмээн ерөөе.

ҮГ-ийг шамдан сонсож ҮГ-р бүтээгч YDMN-чүүд байх болтугай.
Ариунбаатар 2007 оны 12 сарын 13