레이블이 Чалчаа бодол인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 Чалчаа бодол인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2011년 10월 19일 수요일

"БОЛОВСРОЛХОН" МИНЬ ДЭЭ

“БОЛОВСРОЛХОН” МИНЬ ДЭЭ

Дорно зүгээс наран хүлээж өмнөх өндөрийн хяруунд цохигдож, өрнө зүгээс илч горьдож үзэл сурталын жаварт хайрагдаж, эдүгээ эхээсээ төөрсөн унага шиг ийш тийш чавхданхан байна уу даа, боловсрол минь.

Цаг хугацаа, нийгэмээ дагаад хүмүүний амьдрал хувиран өөрчлөгдсөөр. Энэ бүх өөрлчөлтийн цаана боловсрол бий.  Хүн бий болсон цагаасаа эхлэн боловсросоор ирсэн. Боловсрол гэгч хүн болоод хүний нийгмийг зөв, зохистой хандлага руу тасралтгүй залан чиглүүлэгч “илч гэрэл” гэлтэй. Бүхий л цаг үеийн турш хүн хүрч болох газар боловсрол хүрч, хүн ирж болох газраас боловсрол хэмээгч илч гэрлийг “зөөсөөр” иржээ. Тиймээс боловсрол даяан дэлхийгээр нэг тарж, даяаршсаар иржээ. Монгол өнөөгийн боловсрол ч ийм л явцийн үр дүн. Монгол ч бас нэгэн цагт ийм илч гэрэлийн нэгэн эх ундрага болж даяан дэлхийд гэрэл түгээж асан байж таарна.
Түүнээс хойш олон зуун жилийн хугацаанд монголчууд гэрэлтэх бус гэрэл хүлээн энд тэнд “ёлтойх” бүдэг бадаг “гэрэл”-р зүтгэж тэрхүү гэрэл үзүүр элдэв “хана хашилт”-ын завсраар нь ч болтугай монголын минь хөрсөн дээр зурвас туссаар иржээ. Тэрхүү зурвас  гэрлийн элчинд боловсрол цасан дундах яргуй шиг чадан ядан өндийсөн ажгуу.  
Мод бут, хад чулуу, хана туурганы цаанаас нугарч хугарч, даялж дамжиж тусах тэрхүү гэрэл заримдаа элч муухан гийж, хааяа хүйтэн жавраар жиндүүлэн хайрах үе ч байлаа. Монголын уугал хөрсөн дээр нэгэн үе дорно зүгийн гэгээ Манж, Хятадын сүүдэртэй холилдож, өрнийн туяа социализмын шуургатай хамт монголын хөрсөнд нэвтэрчээ. Эдүгээ дөрвөн зүг найман зовхисоос огтолцож орооцолдсон, анивчиж алагласан олон гэрэл нүд гялбуулж байна. Тэр бүхэн монголын бор хөрсөнд хэрхэн шингэж ямархан ургамал өндийхийг яахан хэлж мэдэх.
Монголын боловсрол гэдэг түмэн голтой “эмзэг амьтан” өдий болтол ургахдаа юу эсийг үзсэн гэхэв. Эдийн засгийн ган, зуданд нэрвэгдэж, улс төрийн шуурганд булагдаж, үеэр усанд автагдаж, ширүүн мөндөрт нь навч цэцгээ гөвүүлж үзсэн. Тэр бүү хэл иш мөчир нь хугарч, уг үндэс нь ч хөндөгдөж үзэв. Гэвч урт үндэстэй юм болохоор ядруухан ч бай,  яаруухан ч бай дахиад л өндийлөө.
Боловсрол минь дээ, боловсрол минь. Даяаршлын цэцэрлэг дундах зуу зуун моддын дунд хэзээ манай мод гэж танигдахтайгаа болж үр хүүхдүүдийг минь үр жимсээрээ тэтгэх юм бол доо.

2010년 11월 16일 화요일

Чалчаа бодол-1

Англи дээр диссертаци бич гижээдэг. Аманд битгий л санаанд ч бахтдаггүй дээ. Гэлээ гээд зүтгэж “үхэх”-с зүүгдэж үхэлтэй биш. Алхаж үхэхээх хэвтэж үхэлтэй биш.

Өнөөдөр бас ч гэж The Teacher’s Gift of Sacrifice as the Art of the Self гэсэн гүн ухааны маягийн өгүүлэл уншцан гэжаагаа. Гэхдээ халит мөлт л дөө. Халит мөлт уншсаны учир нь метро болоод автус дамжин уншсанд оршино. Сургуулиас гэр хүртэл нэг цаг явна даа. Энэ бол миний нэлээд дуртай цаг. Яагаад гэхээр хамгийн дуртай юумаа хийдэг. Сүүлийн үед миний дууны хичээлийн цаг болоод байгаа. Дууг бол дуусгахгүй сонсоно шүү дээ.

Яагаав. Сургуульд байхад алгебрагийн хичээлээс аймаар айдаг хүмүүс байдын штээ. Яагаад ч болж өгдөггүй хичээл байдаг даа. За дуу бол надад тэрнээс чинь хэцүү хичээл. Яахаар хүмүүс өнгө, хэмнэл тааруулж дуугараад минийх зөрж дуугараад байдгийг мэдкүү.

Хамгийн гол нь би дуунд дуртай байтал дуу надад дургүйд хамаг учир байгаа юм. Тэгээд би дууг аргадах санаатай. Гитар барьж эхэлвээ. За даа эхэндээ хуруугаа эвэршиж, хүмүүсийг жигштэл балбасан даа.

Гитар гэдэг цагийн дайсантай болсоноо хойш нэг жилээс хасах нь хоёр сар өнгөрч байна. Бараг л өдөр алгасалгүй 30-с дээш минут “өргөл” болгоно доо. Өөр юманд тэр зэргийн цаг зарсан бол бараг суутан болох байсан байх. Гэвч гитар гуай "мишээдэггүй" юм даа. Гитар гэхээсээ илүү “зүүн хоолой” л доо. Баруун бус зүүн хоолойгоор дуугараад сурцаны гай. Миний одоогийн түвшин гэвэл хэн нэгэн сайхан санаат, өрөвч нэгэн хажууд тааруулаад дуулад өгөх юм бол “жижүүрийн” ганц хоёр дуу явчина гэжаагаа. За тэрэн шиг л бахдам явдал энэ хорвоод үгүй дээ. Гэхдээ гитар ах надад орчлон дээр болохгүй юм гэж байхгүй ч байж болох юм шүү гэж хэлсэн дээ.
Англи хэл дээр диссертаци бичих арай ч зүүн хоолойгоо баруун болгохоос хэцүү байхгүй байлгүй дээ. Гитар бид хоёрын тухай өгүүлэх зүйл их л дээ. Дараа л ярий. Тэхгүй бол өгүүлэх биш үглэх болчино.