2011년 10월 23일 일요일

IP tv-n tuhtai tailbar

http://news.gogo.mn/r/95638

Хэрэглэгчид техник, технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг эрэлхийлэн, шинэчлэл рүү тэмүүлэн хөгжиж буй энэ цаг үед Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд телевизийн системийн хөгжил тоон технологи рүү бүрэн гүйцэд шилжин орох болно гэж тодорхойлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газраас 2014 оны 7 сарын 31-ны 00 цагаас тоон технологид шилжин орно гэж мэдэгдсэн.

Тэгвэл тоон технологи гэж юу вэ? гэсэн асуулт хэрэглэгчдэд төрөх нь лавтай. Тоон технологи гэдэг нь 2 төрлөөр дамжуулагдах өргөн зурвасын мэдээлэл бөгөөд телевизийн сувгийг 576 пиксель нягтралаар дамжуулах дижитал болон өндөр нягтралын 1080 пикселээр дамжуулдаг HD технологи юм.

Өнөөдөр Монгол улсад тоон технологиор үйлчилгээ хүргэх зорилготой хөрөнгө оруулалтаа төлөвлөн ажиллаж буй телевизүүд дундаас “Монгол” телевиз анхлан HD форматаар нэвтрүүлгээ дамжуулж эхлэсэн бөгөөд тун удахгүй “Боловсрол суваг”, “Eagle”, “C1” телевизүүд HD форматаар нэвтрүүлгээ бэлтгэж энэ онд багтаан үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Дэлхийн нийтийн шилдэг гигант сувгууд болох спортын ESPN, танин мэдэхүйн Discovery, National Geographic, кино ертөнцийн HBO зэрэг сувгууд хэдийнэ HD форматаар нэвтрүүлгээ дамжуулж эхлээд байна.

Хэрэглэгчид хэрхэн тоон технологийг хүлээн авах вэ?

аж тоон технологийг хүлээн авах вэ? Шилдэг брэндийн HD үзүүлэлттэй шинэ зурагт авахад хангалттай юу? Бидний ашиглаж буй одоогийн кабелийн телевизээр дамжуулан хүлээн авч болох уу? зэрэг асуултууд уншигчдын маань толгойд эргэлдэж буй нь лавтай. Телевизийн сувгууд тоон технологид шилжсэнээр хэрэглэгч та одоогийн кабелийн телевизээрээ дамжуулан дижитал болон HD форматаар цацаж буй телевизийн хөтөлбөрүүдийг хүлээн авах боломжгүй бөгөөд та гэртээ HD үзүүлэлттэй зурагттай бол заавал дижитал кабелийн телевиз юм уу IPTV-ийг тавиулах шаардлагатай. Ингэснээр эдгээр телевизийн сувгийг дамжуулагчдаас SD болон НD SET TOP BOX гэсэн ухаалаг төхөөрөмжийг таны зурагттай холбон тавьж өгсөнөөр хэрэглэгч та тоон технологийг хүлээж авна. Цаашдаа телевиз үзэгч бид тоон технологийг SET TOP BOX хэмээх төхөөрөмжийн тусламжтайгаар авна гэсэн үг.

Өнөөдөр Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт тус тусын давуу талтай олон компаниуд үйлчилгээгээ SD болон HD SET TOP BOX-оор дамжуулан хүргэж байна. Үүнээс үүдэн HD болон SD SET TOP BOX гэж юу болох, онцлог ялгаа нь юу вэ? гэсэн асуулт мөн урган гарна.

SD SET TOP BOX нь зөвхөн дижитал сувгуудыг дамжуулах боломжтой бол HD SET TOP BOX нь дижитал болон HD форматаар цацаж буй бүх телевизийн сувгийг хүлээн авах боломжыг олгож буй давуу талтай. HD SET TOP BOX-ийн бусад онцлогийн талаар доор цухас дурьдвал :

•Өндөр нягтралын HD буюу 720p, 1080i форматын телевизийн суваг болон контентыг хэрэглэгчдэд ямар нэгэн дүрсний уналтгүйгээр дамжуулж хүргэснээр бид Монголын болон гадаадын шилдэг сувгуудыг дуу, дүрсний гайхамшгаар хүлээн авна.

•3D телевизийн суваг болон 3D уран сайханы кино, хөтөлбөр, тэмцээнийг үзүүлнэ

•HD Set top box төхөөрөмжийн тусгай оролтууд руу Home theatrе-аа холбосноор таны гэр кино театр болно. Ингэснээр та зөвхөн DVD үзэхдээ Home theatrе-аа ашигладаг байсан бол одоо зурагт үзэж байхдаа ч Home theatrе-аараа өндөр чанарын дугаралтыг мэдрэх нь ээ.

•Video on Demand буюу гэрээсээ видео контент түрээслэн үзэх Видео сан үйлчилгээг ашиглах боломжтой.

•Видео прокат гэр хоёрын хооронд нааш цааш явдаг үе ард хоцорч та телевизийн дэлгэц дээрээ гарч ирэх Видео санд байх HD болон 3D кино, контентын жагсаалтаас хүссэнээрээ сонгож захиалан үзэх

•Сүүлийн 72 цагийн дотор гараад өнгөрсөн телевизийн нэвтрүүлгийг нөхөн үзэх, дуртай телевизийн нэвтрүүлгээ бичиж авах.

•Үзэх дуртай нэвтрүүлэг, кино тань гараад өнгөрчихлөө гэж та харамсах хэрэггүй, тухайн нэвтрүүлэг гараад 72 цаг өнгөрөөгүй л бол хүссэн үедээ нөхөөд үзэж болно.


Сонголтоо хэрхэн зөв хийх вэ?

Тэгэхээр хэрхэн зөв сонголтоо хийх вэ? Яаж SD болон HD SET TOP BOX-ыг ялгаж худалдан авалт хийх вэ? Яаж худалдан авсан шилдэг брэндийн HD зурагтаа хүссэнээрээ ашиглах вэ? гэсэн ээлжит асуултуудад дараах хариултыг өгч байна. Өнөөдрийн түвшинд Монголын мэдээлэл харилцаа холбооны компаниудаас “Юнивишн” компанийн IPTV үйлчилгээ л HD SET TOP BOX суурилуулж хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хүргэж байна. Мөн та сонголтоо хийхдээ таны гэрт тавьж өгч буй эдгээр төхөөрөмж нь HD болон SD-ийн аль нь болохыг мөн ямар нэмэлт боломжуудтай эсэхийг заавал лавлах нь хэрэглэгч бидний хувьд чухал юм.

Хувьсан өөрчлөгдөж, эрчимтэй шинэчлэгдэж буй өнөөгийн нийгэмд хамгийн чухал нь болох бодит мэдээллийг соргогоор хүлээн авч, ирээдүй рүүгээ чиглэсэн ухаалаг сонголт хийх нь туйлын чухал бус гэж үү. Учир нь хэн хамгийн сайн мэдээлэлтэй нь хамгийн бага зардлыг гаргадаг шүү дээ.

Угсаатны хөгжим судлалын гран при-г Монгол хүн хүртлээ

Дэлхийн угсаатны хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог "Дэлхийн угсаатны хөгжим судлалын гран при" шагналыг туульч, цуурч Э.Баатаржав хүртжээ.


Дэлхийн угсаатны хөгжим судлалын агентлагаас Э.Баатаржавын 78-100 жилийн турш огт ашиглагдаагүй, мартагдаад байсан нуман хуур, чашга, дудар хөгжмийг олон улсын хөгжмийн урын санд оруулж, шинжлэх ухааны судалгаа хийснийг өндрөөр үнэлэн уг шагналыг олгож угсаатны хөгжмийн ханхүүгээр өргөмжилсөн байна.

Туульч, цуурч Э.Баатаржав Дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүнээр ажилладаг бөгөөд сүүлийн 20 жилийн турш угсаатны хөгжмийг судалжээ. Мөн 40 гаруй оронд лекц уншиж, "Монгол урианхайн хөөмий", "Монгол Алтайн тууль, цуур" баримтат киног олны хүртээл болгож, "Хөөмийн холбоо", "Хүннү, урианхай аялгуу" цомгийг хэвлүүлсэн байна.



Р.Оюунгоо



2011년 10월 19일 수요일

АЛИВААД ЭЗЭН БОЛЖ СУРАХ НЬ БУЮУ ЦОГЦ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Доктор З.Бат-Отгон боловсролыг “орон зайг эзэгнэх чадвар” гэж өвөрмөц сонирхолтой тодорхойлжээ. Жишээ нь хөл бөмбөгийн домог болсон Месси хөл бөмбөгийн талбайд эзэгнэж буй нь хөл бөмбөг тоглох үйлд боловсорсоных бөгөөд уран гулгалтын шинэ од Ким Ёнха нь уран гулгахуйд боловсорсоных. Монголын бахархал болж асан Асашёрюү Дагвадож сумогийн дэвжээнд барилдах үйлд жинхэнэ эзэн болж тэрхүү барилдах үйлд боловсорсоных.


Хэдийгээр эдгээр хүмүүс хөл бөмбөгийн талбай, уран гулгуурын мөсөн талбай гэсэн хэсэг орчны үйлд боловсорч эзэн болсон ч нийгмийн орчин болоод амьдрал тэднээс өөр бусад олон чадварын цогцыг шаардана. Амьдрал гэдэг дотоод болон гадаад хүчин зүйлсийн цогц орон зай. Ийм олон талт орчныг эзэмшихийн тулд мөн адил олон талаар боловсрох шаардлагатай. Хэрэв дээрх одод спортын талбайгаас бусад орчинд эзэн байх чадвар үгүй аваас бусад орчины эзэгнэлд автана. Өөрөөр хэлбэл амьдралд өөрийн байр суурийг олж, нийгэмд дасан зохицож чадахгүйд хүрнэ.

Доктор Бат-Отгон монголчууд хувийн хүний боловсрол, харилцааны боловсрол, үүрэг хариуцлагын боловсрол, хан боловсрол(айл өрх толгойлох), хаан боловсрол(улс орон толгойлох) 5 зүйл боловсролын уламжлалтай гэж үзсэн нь ор үндэстэй юм. Энэ нь нэг талаас бидний ишлэх дуртай биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн үгтэй утга дүйнэ. Нөгөө талаас орчин үеийн боловсролын нэгэн чухал чиг хандлага болоод байгаа цогц боловсрол буюу цогц чадамжийн тухай ойлголтыг агуулж байгаа юм. Хувь хүний боловсрол нь биеэ эрүүл авч явах, бусадтай зөв сайхан харилцах, аливаад мэргэжих, дадах гэх мэтийн өргөн хүрээг хамрана.

Үүний дээр сэтгэлийн боловсрол гэсэн ойлголт гаргаж тавьсан. Хэдгийгээр албан боловсролд сэтгэлийн боловсрол гэсэн ойлголт үгүй ч амьдралд сэтгэл юу юунаас чухал ойлголт гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сэтгэл сайтай хүнийг хамгаас илүү хүндэлж хайрладаг. Сэтгэл дутлаа хэмээн халагладаг. Хань ижил, найз нөхдөө сонгохдоо сэтгэл хэмээхийг ихэд чухалчилдаг. Сэтгэлийг эзэмдвэл бие хаашаа одох хэмээх алдарт сургааль ч бий. Хэрэв сэтгэл гэдэг нь эзэмдэж болдог орон зай юм бол түүнийг эзэгнэх боловсрол хэрэгтэй байж таарах нь.

Үүгээр зогсохгүй эрдэнэт хэмээн тодотгодог, нууцлаг хийгээд хэмжээлшгүй чадварт хүнд мэдрэхүйн орон зай гэж бий. Сүнсний орон зай ч гэж бий. Гадаад болон дотоод хүчин зүйлс болох бие цогцын гоо сайхан, бусадтай харилцах ааш зан, сэтгэл санаа, итгэл үнэмшил, дээр нь мэдлэг, ухаарал, ажил хөдөлмөр гэсэн цогц орон зайд эзэн болож байж хүн зөв сайхан амьдрана. Гэвч эдгээр орон зайг эзэгнэн орших уу, эзэгнэлд нь орших уу. Дээрх тодорхойлолтоор бол эдгээр орон зайг эзэмшигч нь “боловсорсон” нэгэн. Эзэмшилд оршигч нь “боловсроогүй” буюу боловсролгүй нэгэн болж таарч байна. Энэ цогц үйлийг эзэгнэхүй буюу тэрхүү орон зайд эзэн байхыг БОЛОВСРОЛ гэж томьёолж байна. Өөрөөр хэлбэл энэ бүхэнд эзэн байхад боловсрол хэрэгтэй байдаг байх нь.

Эзэгнэх эзэгнэлд байх хоёрын ялгааг хялбархан ойлгож болно. Морьтой хүний хувьд хүн морийг эзэгнэж, морь эзэгнэлд оршино. Эзэгнэлд оршигч морь цангасан ч ус ууж үл чадна, өлсөвч өвс ногоо идэж үл болно. Цуцавч амрах эрх үл олдоно. Хүн бүх талаар морийг эзэгнэнэ. Учир нь хүн морь унаж эдлэхэд боловсорсон. Харин морь ганцхан үйлд эзэгнэнэ. Алхах, шогших, давхих мэтийн явах үйлийг эзэгнэнэ. Морь зөвхөн энэ үйлд л боловсорсон.

Энэ мэтээр оршин буй орон зай, тэнд болж буй үйлд эзэн байх хэмээн тодорхойлбол боловсрол гэдэг зүйлийг ойлгоход ихэд хялбар болно. Монголчууд хүн шиг хүн байх гэж ярьдаг. Аливаа зүйлийг хийсэн шиг хийх ч гэдэг. Эцсийн бүлэгтээ энэ чинь л боловсролын тодорхойлолт юм. Өөрөөр хэлбэл “хүн байх үйл”-д эзэн болох тодорхой үйлийг эзэгнэхийг боловсрол гэж ойлгож иржээ. Удирдагч шиг удирдагч байх буюу удирдах үйлдээ эзэн болох. Багш хүн бол заасан шиг заах буюу заах үйлд эзэн болох. Гэр бүлдээ нөхөр шиг нөхөр, эхнэр шиг эхнэр байх. Энд л боловсролын мөн чанар байгаа юм. Амьдрал, хүний ажил хэзээ ч нэг талт байдаггүй. Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, сүсэг бишрэл, ашиг сонирхол мэт хувь хүний хүчин зүйлс, гэр бүл, ажил мэргэжил, хамт, нийгэмд эзлэх байр суурь гэх мэт нийгмийн хүчин зүйлсээс хүний амьдралын орчин бүрдэнэ.

Боловсролын зорилгыг “хүнээр хүн шиг хүн хийх” гэж тодорхойлдог. Энэ нь үр хүүхдээ хүн шиг хүн болгочих юмсан хэмээдэг эцэг эхийн туйлын хүсэл зорилгтой ч дүйнэ. Боловсролын эцсийн зорилго хүнийг, хүүхдийг хүн шиг хүн болгох юм бол монголын боловсролын систем өнөөдөр иргэдийнхээ хүүхдүүдийг хүн шиг хүн болгож чадаж байна уу? Сургуулийн зорилго болоод сургалтын агуулгад сурагчийг хүн шиг хүн болгох гэсэн ойлголт байна уу? Магадгүй энэ асуулт монголын боловсролын стандартад тусгасан “цогц боловсрол” гэсэн ойлголтод бодит хариу өгч болох юм.

“Хүн шиг хүн” гэсэн энэ ойлголтонд маш олон зүйл багтана. Товчоор хэлэхэд хүн бие, сэтгэл гэх мэт хувийн хүчин зүйл, бусадтай харилцах, хамтрах зэрэг нийгмийн хүчин зүйл, дотоод хүч буюу далд ухамсар зэрэг сүнсний асуудалдаа эзэн байж, түүнтэй холбогдох үйлд боловсрох тухай асуудал гэж томьёолж болох талтай. Шинжлэх ухаан хэмээх хүний оюун ухаанаар үл тайлбарлаж хүний дотоод хүчин зүйл, нөлөөллийн тухай сүүлийн үеийн эрдэмтэд ч ил тод байдлаар сануулан бичих болсон. Тод томруун томъёолон гаргачихаад байгаа “цогц боловсрол” гэдэг гэсэн ойлголтонд юу хамруулах вэ гэдэг туйлын чухал асуудал болоод байна.

Монголчууд зөвхөн “тархины мэдлэг” бус биеийн, сэтгэлийн, далд мэдрэхүйн боловсролыг ч цогцоор нь олгодог байжээ. Үүнийг монголын боловсролын сонгодог уламжлал гэлтэй. Хэрэв бид орон зай болоод үйлийг эзэгнэхүйн чадвар олгодог цогц монгол боловсролоо хадгалж ирсэн бол үр удам маань жинхэнэ монгол төрхөөр эрүүл чийрэг өсч, монгол хүний сийрэг ухаан хийгээд уужим сэтгэлээр аливаад хандаж, биеийн болоод сэтгэлийн үйлдээ эзэн нь болж, аливааг хийсэн шиг хийдэг байх асан. Түүгээр зогсохгүй монгол хүний хийморь, сүр сүлд хэмээхийг үгээр бус үйлдлээр харуулж, Чингис хааны үр удам гэсэн дүр(имиж)-г бусдын сэтгэлд хоногшуулан үлдээдэг байх ёстой асан бус уу.



2011.08.22

"БОЛОВСРОЛХОН" МИНЬ ДЭЭ

“БОЛОВСРОЛХОН” МИНЬ ДЭЭ

Дорно зүгээс наран хүлээж өмнөх өндөрийн хяруунд цохигдож, өрнө зүгээс илч горьдож үзэл сурталын жаварт хайрагдаж, эдүгээ эхээсээ төөрсөн унага шиг ийш тийш чавхданхан байна уу даа, боловсрол минь.

Цаг хугацаа, нийгэмээ дагаад хүмүүний амьдрал хувиран өөрчлөгдсөөр. Энэ бүх өөрлчөлтийн цаана боловсрол бий.  Хүн бий болсон цагаасаа эхлэн боловсросоор ирсэн. Боловсрол гэгч хүн болоод хүний нийгмийг зөв, зохистой хандлага руу тасралтгүй залан чиглүүлэгч “илч гэрэл” гэлтэй. Бүхий л цаг үеийн турш хүн хүрч болох газар боловсрол хүрч, хүн ирж болох газраас боловсрол хэмээгч илч гэрлийг “зөөсөөр” иржээ. Тиймээс боловсрол даяан дэлхийгээр нэг тарж, даяаршсаар иржээ. Монгол өнөөгийн боловсрол ч ийм л явцийн үр дүн. Монгол ч бас нэгэн цагт ийм илч гэрэлийн нэгэн эх ундрага болж даяан дэлхийд гэрэл түгээж асан байж таарна.
Түүнээс хойш олон зуун жилийн хугацаанд монголчууд гэрэлтэх бус гэрэл хүлээн энд тэнд “ёлтойх” бүдэг бадаг “гэрэл”-р зүтгэж тэрхүү гэрэл үзүүр элдэв “хана хашилт”-ын завсраар нь ч болтугай монголын минь хөрсөн дээр зурвас туссаар иржээ. Тэрхүү зурвас  гэрлийн элчинд боловсрол цасан дундах яргуй шиг чадан ядан өндийсөн ажгуу.  
Мод бут, хад чулуу, хана туурганы цаанаас нугарч хугарч, даялж дамжиж тусах тэрхүү гэрэл заримдаа элч муухан гийж, хааяа хүйтэн жавраар жиндүүлэн хайрах үе ч байлаа. Монголын уугал хөрсөн дээр нэгэн үе дорно зүгийн гэгээ Манж, Хятадын сүүдэртэй холилдож, өрнийн туяа социализмын шуургатай хамт монголын хөрсөнд нэвтэрчээ. Эдүгээ дөрвөн зүг найман зовхисоос огтолцож орооцолдсон, анивчиж алагласан олон гэрэл нүд гялбуулж байна. Тэр бүхэн монголын бор хөрсөнд хэрхэн шингэж ямархан ургамал өндийхийг яахан хэлж мэдэх.
Монголын боловсрол гэдэг түмэн голтой “эмзэг амьтан” өдий болтол ургахдаа юу эсийг үзсэн гэхэв. Эдийн засгийн ган, зуданд нэрвэгдэж, улс төрийн шуурганд булагдаж, үеэр усанд автагдаж, ширүүн мөндөрт нь навч цэцгээ гөвүүлж үзсэн. Тэр бүү хэл иш мөчир нь хугарч, уг үндэс нь ч хөндөгдөж үзэв. Гэвч урт үндэстэй юм болохоор ядруухан ч бай,  яаруухан ч бай дахиад л өндийлөө.
Боловсрол минь дээ, боловсрол минь. Даяаршлын цэцэрлэг дундах зуу зуун моддын дунд хэзээ манай мод гэж танигдахтайгаа болж үр хүүхдүүдийг минь үр жимсээрээ тэтгэх юм бол доо.