2011년 10월 19일 수요일

"БОЛОВСРОЛХОН" МИНЬ ДЭЭ

“БОЛОВСРОЛХОН” МИНЬ ДЭЭ

Дорно зүгээс наран хүлээж өмнөх өндөрийн хяруунд цохигдож, өрнө зүгээс илч горьдож үзэл сурталын жаварт хайрагдаж, эдүгээ эхээсээ төөрсөн унага шиг ийш тийш чавхданхан байна уу даа, боловсрол минь.

Цаг хугацаа, нийгэмээ дагаад хүмүүний амьдрал хувиран өөрчлөгдсөөр. Энэ бүх өөрлчөлтийн цаана боловсрол бий.  Хүн бий болсон цагаасаа эхлэн боловсросоор ирсэн. Боловсрол гэгч хүн болоод хүний нийгмийг зөв, зохистой хандлага руу тасралтгүй залан чиглүүлэгч “илч гэрэл” гэлтэй. Бүхий л цаг үеийн турш хүн хүрч болох газар боловсрол хүрч, хүн ирж болох газраас боловсрол хэмээгч илч гэрлийг “зөөсөөр” иржээ. Тиймээс боловсрол даяан дэлхийгээр нэг тарж, даяаршсаар иржээ. Монгол өнөөгийн боловсрол ч ийм л явцийн үр дүн. Монгол ч бас нэгэн цагт ийм илч гэрэлийн нэгэн эх ундрага болж даяан дэлхийд гэрэл түгээж асан байж таарна.
Түүнээс хойш олон зуун жилийн хугацаанд монголчууд гэрэлтэх бус гэрэл хүлээн энд тэнд “ёлтойх” бүдэг бадаг “гэрэл”-р зүтгэж тэрхүү гэрэл үзүүр элдэв “хана хашилт”-ын завсраар нь ч болтугай монголын минь хөрсөн дээр зурвас туссаар иржээ. Тэрхүү зурвас  гэрлийн элчинд боловсрол цасан дундах яргуй шиг чадан ядан өндийсөн ажгуу.  
Мод бут, хад чулуу, хана туурганы цаанаас нугарч хугарч, даялж дамжиж тусах тэрхүү гэрэл заримдаа элч муухан гийж, хааяа хүйтэн жавраар жиндүүлэн хайрах үе ч байлаа. Монголын уугал хөрсөн дээр нэгэн үе дорно зүгийн гэгээ Манж, Хятадын сүүдэртэй холилдож, өрнийн туяа социализмын шуургатай хамт монголын хөрсөнд нэвтэрчээ. Эдүгээ дөрвөн зүг найман зовхисоос огтолцож орооцолдсон, анивчиж алагласан олон гэрэл нүд гялбуулж байна. Тэр бүхэн монголын бор хөрсөнд хэрхэн шингэж ямархан ургамал өндийхийг яахан хэлж мэдэх.
Монголын боловсрол гэдэг түмэн голтой “эмзэг амьтан” өдий болтол ургахдаа юу эсийг үзсэн гэхэв. Эдийн засгийн ган, зуданд нэрвэгдэж, улс төрийн шуурганд булагдаж, үеэр усанд автагдаж, ширүүн мөндөрт нь навч цэцгээ гөвүүлж үзсэн. Тэр бүү хэл иш мөчир нь хугарч, уг үндэс нь ч хөндөгдөж үзэв. Гэвч урт үндэстэй юм болохоор ядруухан ч бай,  яаруухан ч бай дахиад л өндийлөө.
Боловсрол минь дээ, боловсрол минь. Даяаршлын цэцэрлэг дундах зуу зуун моддын дунд хэзээ манай мод гэж танигдахтайгаа болж үр хүүхдүүдийг минь үр жимсээрээ тэтгэх юм бол доо.

댓글 없음:

댓글 쓰기