2011년 10월 19일 수요일

АЛИВААД ЭЗЭН БОЛЖ СУРАХ НЬ БУЮУ ЦОГЦ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Доктор З.Бат-Отгон боловсролыг “орон зайг эзэгнэх чадвар” гэж өвөрмөц сонирхолтой тодорхойлжээ. Жишээ нь хөл бөмбөгийн домог болсон Месси хөл бөмбөгийн талбайд эзэгнэж буй нь хөл бөмбөг тоглох үйлд боловсорсоных бөгөөд уран гулгалтын шинэ од Ким Ёнха нь уран гулгахуйд боловсорсоных. Монголын бахархал болж асан Асашёрюү Дагвадож сумогийн дэвжээнд барилдах үйлд жинхэнэ эзэн болж тэрхүү барилдах үйлд боловсорсоных.


Хэдийгээр эдгээр хүмүүс хөл бөмбөгийн талбай, уран гулгуурын мөсөн талбай гэсэн хэсэг орчны үйлд боловсорч эзэн болсон ч нийгмийн орчин болоод амьдрал тэднээс өөр бусад олон чадварын цогцыг шаардана. Амьдрал гэдэг дотоод болон гадаад хүчин зүйлсийн цогц орон зай. Ийм олон талт орчныг эзэмшихийн тулд мөн адил олон талаар боловсрох шаардлагатай. Хэрэв дээрх одод спортын талбайгаас бусад орчинд эзэн байх чадвар үгүй аваас бусад орчины эзэгнэлд автана. Өөрөөр хэлбэл амьдралд өөрийн байр суурийг олж, нийгэмд дасан зохицож чадахгүйд хүрнэ.

Доктор Бат-Отгон монголчууд хувийн хүний боловсрол, харилцааны боловсрол, үүрэг хариуцлагын боловсрол, хан боловсрол(айл өрх толгойлох), хаан боловсрол(улс орон толгойлох) 5 зүйл боловсролын уламжлалтай гэж үзсэн нь ор үндэстэй юм. Энэ нь нэг талаас бидний ишлэх дуртай биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн үгтэй утга дүйнэ. Нөгөө талаас орчин үеийн боловсролын нэгэн чухал чиг хандлага болоод байгаа цогц боловсрол буюу цогц чадамжийн тухай ойлголтыг агуулж байгаа юм. Хувь хүний боловсрол нь биеэ эрүүл авч явах, бусадтай зөв сайхан харилцах, аливаад мэргэжих, дадах гэх мэтийн өргөн хүрээг хамрана.

Үүний дээр сэтгэлийн боловсрол гэсэн ойлголт гаргаж тавьсан. Хэдгийгээр албан боловсролд сэтгэлийн боловсрол гэсэн ойлголт үгүй ч амьдралд сэтгэл юу юунаас чухал ойлголт гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сэтгэл сайтай хүнийг хамгаас илүү хүндэлж хайрладаг. Сэтгэл дутлаа хэмээн халагладаг. Хань ижил, найз нөхдөө сонгохдоо сэтгэл хэмээхийг ихэд чухалчилдаг. Сэтгэлийг эзэмдвэл бие хаашаа одох хэмээх алдарт сургааль ч бий. Хэрэв сэтгэл гэдэг нь эзэмдэж болдог орон зай юм бол түүнийг эзэгнэх боловсрол хэрэгтэй байж таарах нь.

Үүгээр зогсохгүй эрдэнэт хэмээн тодотгодог, нууцлаг хийгээд хэмжээлшгүй чадварт хүнд мэдрэхүйн орон зай гэж бий. Сүнсний орон зай ч гэж бий. Гадаад болон дотоод хүчин зүйлс болох бие цогцын гоо сайхан, бусадтай харилцах ааш зан, сэтгэл санаа, итгэл үнэмшил, дээр нь мэдлэг, ухаарал, ажил хөдөлмөр гэсэн цогц орон зайд эзэн болож байж хүн зөв сайхан амьдрана. Гэвч эдгээр орон зайг эзэгнэн орших уу, эзэгнэлд нь орших уу. Дээрх тодорхойлолтоор бол эдгээр орон зайг эзэмшигч нь “боловсорсон” нэгэн. Эзэмшилд оршигч нь “боловсроогүй” буюу боловсролгүй нэгэн болж таарч байна. Энэ цогц үйлийг эзэгнэхүй буюу тэрхүү орон зайд эзэн байхыг БОЛОВСРОЛ гэж томьёолж байна. Өөрөөр хэлбэл энэ бүхэнд эзэн байхад боловсрол хэрэгтэй байдаг байх нь.

Эзэгнэх эзэгнэлд байх хоёрын ялгааг хялбархан ойлгож болно. Морьтой хүний хувьд хүн морийг эзэгнэж, морь эзэгнэлд оршино. Эзэгнэлд оршигч морь цангасан ч ус ууж үл чадна, өлсөвч өвс ногоо идэж үл болно. Цуцавч амрах эрх үл олдоно. Хүн бүх талаар морийг эзэгнэнэ. Учир нь хүн морь унаж эдлэхэд боловсорсон. Харин морь ганцхан үйлд эзэгнэнэ. Алхах, шогших, давхих мэтийн явах үйлийг эзэгнэнэ. Морь зөвхөн энэ үйлд л боловсорсон.

Энэ мэтээр оршин буй орон зай, тэнд болж буй үйлд эзэн байх хэмээн тодорхойлбол боловсрол гэдэг зүйлийг ойлгоход ихэд хялбар болно. Монголчууд хүн шиг хүн байх гэж ярьдаг. Аливаа зүйлийг хийсэн шиг хийх ч гэдэг. Эцсийн бүлэгтээ энэ чинь л боловсролын тодорхойлолт юм. Өөрөөр хэлбэл “хүн байх үйл”-д эзэн болох тодорхой үйлийг эзэгнэхийг боловсрол гэж ойлгож иржээ. Удирдагч шиг удирдагч байх буюу удирдах үйлдээ эзэн болох. Багш хүн бол заасан шиг заах буюу заах үйлд эзэн болох. Гэр бүлдээ нөхөр шиг нөхөр, эхнэр шиг эхнэр байх. Энд л боловсролын мөн чанар байгаа юм. Амьдрал, хүний ажил хэзээ ч нэг талт байдаггүй. Бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, сүсэг бишрэл, ашиг сонирхол мэт хувь хүний хүчин зүйлс, гэр бүл, ажил мэргэжил, хамт, нийгэмд эзлэх байр суурь гэх мэт нийгмийн хүчин зүйлсээс хүний амьдралын орчин бүрдэнэ.

Боловсролын зорилгыг “хүнээр хүн шиг хүн хийх” гэж тодорхойлдог. Энэ нь үр хүүхдээ хүн шиг хүн болгочих юмсан хэмээдэг эцэг эхийн туйлын хүсэл зорилгтой ч дүйнэ. Боловсролын эцсийн зорилго хүнийг, хүүхдийг хүн шиг хүн болгох юм бол монголын боловсролын систем өнөөдөр иргэдийнхээ хүүхдүүдийг хүн шиг хүн болгож чадаж байна уу? Сургуулийн зорилго болоод сургалтын агуулгад сурагчийг хүн шиг хүн болгох гэсэн ойлголт байна уу? Магадгүй энэ асуулт монголын боловсролын стандартад тусгасан “цогц боловсрол” гэсэн ойлголтод бодит хариу өгч болох юм.

“Хүн шиг хүн” гэсэн энэ ойлголтонд маш олон зүйл багтана. Товчоор хэлэхэд хүн бие, сэтгэл гэх мэт хувийн хүчин зүйл, бусадтай харилцах, хамтрах зэрэг нийгмийн хүчин зүйл, дотоод хүч буюу далд ухамсар зэрэг сүнсний асуудалдаа эзэн байж, түүнтэй холбогдох үйлд боловсрох тухай асуудал гэж томьёолж болох талтай. Шинжлэх ухаан хэмээх хүний оюун ухаанаар үл тайлбарлаж хүний дотоод хүчин зүйл, нөлөөллийн тухай сүүлийн үеийн эрдэмтэд ч ил тод байдлаар сануулан бичих болсон. Тод томруун томъёолон гаргачихаад байгаа “цогц боловсрол” гэдэг гэсэн ойлголтонд юу хамруулах вэ гэдэг туйлын чухал асуудал болоод байна.

Монголчууд зөвхөн “тархины мэдлэг” бус биеийн, сэтгэлийн, далд мэдрэхүйн боловсролыг ч цогцоор нь олгодог байжээ. Үүнийг монголын боловсролын сонгодог уламжлал гэлтэй. Хэрэв бид орон зай болоод үйлийг эзэгнэхүйн чадвар олгодог цогц монгол боловсролоо хадгалж ирсэн бол үр удам маань жинхэнэ монгол төрхөөр эрүүл чийрэг өсч, монгол хүний сийрэг ухаан хийгээд уужим сэтгэлээр аливаад хандаж, биеийн болоод сэтгэлийн үйлдээ эзэн нь болж, аливааг хийсэн шиг хийдэг байх асан. Түүгээр зогсохгүй монгол хүний хийморь, сүр сүлд хэмээхийг үгээр бус үйлдлээр харуулж, Чингис хааны үр удам гэсэн дүр(имиж)-г бусдын сэтгэлд хоногшуулан үлдээдэг байх ёстой асан бус уу.



2011.08.22

댓글 없음:

댓글 쓰기