Ямажаки Касхико гэдэг япон хүн Самсунг группыг үүсгэн байгуулагч И Бёнчолын амжилтыг “크게 보고 멀리 보라” гэсэн номоороо дорнын буюу күнзийн үзэл, сургуульд тулгуурлан тайлбарлажээ.
И Бёнчол тухайн үеийн язгууртан гаралтай гэр бүлд төржээ. Удам дагах нэгэн учир ч түүнд байсан аж. Ихийг бүтээсэн хүмүүсийн бас нэгэн түгээмэл зарчим болох багасаа хорвоо ертөнцтэй танилцах хувь ч түүнд тохиожээ. Тэрээр 11хэн насандаа 300 км газар сургуульд сурахын тулд гэрээ орхиж байжээ.
Солонгосын орчин үеийн эдийн засгийн хөгжлийн анхдагч, тулгын гурван чулуу бол яах аргагүй, Sumsong, LG, Deawoo корпораци. Эдгээр алдарт корпорацийг үүсгэн байгуулагчид нь И Бёнчол, Жон Жү-Ён, Ким Ү-жүн.
Ким Ү-жүн үзэл бодол, амьдрал тэмцэл, хүсэл тэмүүллийнхээ тухай бичсэн “Хорвоо дэлхий уужим хийх юм их” номыг гэсэн номыг 90-д оний эхээр Лхагва гуай(хэрвээ андуураагүй бол) монгол хэлээр сайхан орчуулж монголчуудын хүртээл болгосон. Тэр номын нэр зарим хүний амны уншлага болж байсан ч байх. Мөн л тэрээр хүнд хэцүү амьдрал дунд, унтрашгүй хүсэл тэмүүлэлийн хүчээр их үйлсийг бүтээсэн юм. Түүний хүсэл тэмүүлэлд итгэх, залуу насыг хайрлах үзэлд би юунаас ч илүү дуртай. Солонгос хэл ид сурч байх үедээ эх хэл дээр нь унших боломж тохиоход ихэд олзуурхаж байж билээ.
Жон Жү-Ёны хувьд бүүр ч илүү хүнд сорилтыг давж байж зорилгоо биелүүлсэн солонгосын шинэ үеийн баатар. Түүний амьдрал тэмцлээр сэдэвлэсэн драм UBS телевизээр “Хувь заяаны тэмцэл” нэртэй, TV5-р “Баатрууд” нэртэй гарч байсан шиг санаж байна.
Хорвоо ертөнцтэй танилцахын хүслээр 3 дахь удаагаа гэрээсээ оргож хот суурин газар бараадан, үйлдвэрийн хүнд ажилд нухлагдаж байхдаа тохиолдсон нэгэн түүхийг тухайн драм дээр ч өгүүлдэг. Үйлдвэрт ажиллаж ядраад газар унтахаар хэвтэхэд нь бясаа хазаад амраахгүй байв. Тэгэхээр нь өөрийгөө тойруулж шуудуу ухаж усаар дүүргээд хэсэг унтаж байтал мөн л хазаад эхэлж гэнэ. Усан дээгүүр яаж давж орж ирдэг байна хэмээн гайхан ажиглаж байтал “мань нөхөд” байшингийн хана даган өгсөж таазаар дамжиж дээр нь ирээд унаж байжээ. Түүнээс хойш “Бясаа хүртэл толгойгоогоо ажиллуулдаг байхад хүн яахаараа толгойгоо ажиллуулж болохгүй гэж” хэмээн өөрийгөө болон өрөөл бусдыг хурцлах болсон тухай өгүүлдэг.
Эдүгээ И Бёнчолын түүхээс өгүүлбэл:
Саяхан нэг профессор маань лекц дундаа ямар нэгэн байгууллагын өнгө төрх гэдэг тухайн байгууллагыг удирдагч хүний зан чанарыг илэрхийлдэг тухай жишээ татахдаа Самсун, Хёндэ буюу И Бёнчол, Жон Жү-ён хоёроор жишээ татав. Самсончууд соёлтой, ёсорхог ханддаг байхад Хёндэчүүд хээгүй хамаагүй байдаг. Гэхдээ Хёндэгийнхон хүн чанараар илүү байдаг юм шүү гэж билээ. Тэр нь Японы Васэда их сургуульд сурах хүртэл боловсорсон И Бёнчил, хар багаасаа бор зүрхээрээ зүтгэсэн Жон Жү-Ён хоёрын ялгаа. Профессорын хувьд санаандгүй дурдаад өнгөрсөн үг ч миний хувьд эдгээр хүмүүсийн түүхтэй холбоод бодоход сонирхолтой санагдаж билээ.
Тухайн үеийн Солонгосын язгууртнуудын хатуу ёс журам нөлөөлсөн байж болох ч И Бёнчол юманд ёс горим, зүй тогтлыг ихэд баримталдаг байжээ. Аав нь түүнд бүх зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой (事必歸正) гэж сургажээ. Мөн тэрээр багаасаа олон газраар явж, японы дарлалын үед Токио орж сурахаар усан онгоцоор явах замдаа улс орон нь хүчгүй, дорой ард түмэн хичнээн эмгэнэлтэй байдгийг ухаарч, энэ нь цаашид солонгосын хөгжлийн түүчээ болсон дэлхийн хэмжээний корпорацыг үүсгэн байгуулах хүслийг бадраасан ч байж болох юм гэж уг номонд өгүүлж байна.
Хүн хүний амьдралын түүх, амжилтын түүх өөр өөрийн өнгөтэй билээ. И Бёнчолын Жон Жү-ён, Ким Үжүн хоёроос ялгарах нэг зүйл гэвэл бизнесээ эхлэхдээ ааваасаа мөнгө хөрөнгөний эх үүсвэр авсанд оршино. Олны хөлийн хөлийн газар амьдарч мөрийтэй тоглоом хөөсөр ядарч туйлдан замаа алдахын босгон дээр нэгэн үдэш амгалан нойрсох хүүхдийнхээ(түүний багад тухайн үеийн уламжлалаар эцэг нь эхнэр сонгож өгсөн) царайг ажиглаад “би чинь юу болж байна аа”, “Ингэж амьдарч болно гэж үү” гэсэн маягийн бодол зурсхийн орж би яах ёстой вэ хэмээн бодсоор эцэст нь бизнес хийе гэсэн шийдвэрийг эргэлт бүцалтгүй гаргасан байна. Ийнхүү шийдвэр гаргаад аав дээрээ очиход аав нь түүнд тухайн үед 30 вонтой тэнцэх хэмжээний хөрөнгө гаргаж өгчээ. Энэ хөрөнгөөр анхны бизнес болох цагаан будааны бизнесийг эхэлсэн юм.
Аливаа зүйлийн эхэнд тулгарах элдэв бэрхшээл, дайны гай гамшиг зэрэг олон зүйл тулгарсан ч тэрээр “Нийгэмд ашиг тусаа өгч өөрөө амьдрахыг бизнес гэнэ” гэсэн үзлийг чанд баримталж алдаанаасаа суралцаж цаашид бизнест анхаарах зүйлээ
- Нийгмийн орчил хөдөлгөөнийг нарийн ажиглах
- Шуналаа дарж, өөрийн чадвар болон хязгаарыг мэдэх
- Сохор азанд итгэж ямар нэгэн алхам үл хийх
- Бизнес эхлэхдээ зөн совингоо өнгөлж 2 дахь, 3 дахь арга замыг тооцох гэсэн өөрийн зарчмыг тодорхойлжээ. 1938 онд тэрээр Тэгү хотод “Самсун Ссанхвэ” гэсэн хаяг өлгөсөнөөр Самсунгын суурийг тавьжээ.
Түүний гол үзлүүдээс товчилбол
- Хүний мөн чанарыг эерэг талаас нь харж шилдэг Samsung man –г бэлтгэхэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн
- Мэдэхийг хүсээгүй хүнд заах гэх хэрэггүй.
- Зуун жилийг цаадхыг харж хүнээ бэлд
- Ямар ч бизнес ганц жижиг зүйлээс эхэлнэ
- Шинэ санаа. Тэрээр миний толгойд дандаа 10 янзын прожект ээлжээ хүлээн эргэлдэж байдаг гэж хэлсэн байдаг. Доороо ажиллаж буй хүмүүсээсээ ч доор хаяж 2-3 тодорхой судалгааны сэдэвтэй байхыг шаарддаг байв.
- 1957 онд Самсун анх удаа шалгалт авч ажилчидаа нээлттэй сонгон шалгаруулж авсан бөгөөд шалгаруулалтын нэг чухал хэсэг нь ярилцлага байв. Номыг зохиогч күнзийн сургаальд үндэслэн тайлбарлахдаа: Гадаад төрх байдлаасаа их занг арилгаж, царайндаа чин үнэнийг илэрхийлнэ. Хөлс болоод, цус, амьсгал ч тэр оюун бодолд нөлөөлнө. Оюун санаа нүүрэнд илрэх нь дамжиггүй. Хэрэв хүний бодол санаа дорой болвоос ямар нэгэн байдлаар үгэнд илэрнэ. Тиймээс үг дордож, ёс гажихаас болгоомжил. Энэ нь хүний нүүр оюун бодлын илрэл, гадаад төрх сэтгэлийн толь гэсэн үгтэй дүйх билээ.
Хүний амьдралд эрхэм нөхөр гэж байдаг. Хэн намайг хүлээж авахгүй, хүний өмнө нүүр хийх газаргүй болох үед намайг өөр лүүгээ дуудах, туйлын хүслэн болсон зүйлийг харамлалгүй сарвайх тэр нэгэн жинхэнэ нөхөр билээ. И Бёнчол дайны хөлд бүх зүйлээ алдан гэр бүл аван Сөүлээс дайжин Тэгү хотоор дайрах үед түүний найз бизнесийн хамтрагч нь дахин хөл дээрээ босоорой хэмээн 300 сая вонн өгсөн гэдэг. Энэ тус И Бёнчолын сэтгэлийг хөдөлгөж нүдэнд нулимс цийлэгнүүлээд зогсоогүй өнөөдрийн Самсунг, солонгосын эдийн засгийн хөгжилд үнэтэй гавьяа болсон ч байж болох юм.
Жон Жү-ён тухайн үед галзуурсан хүний санаанд л орж болох усан онгоц үйлдвэрлэнэ гэсэн шийдвэр гаргаж, зээл олгогчийн гайхсан бассан эсэргүүцэлтэй тулгарахдаа мөнгөн дэвсгэрт дээрх мэлхий онгоц(거북이선)-ны зургийг харуулж бид нэгэн цагт хийж байсан юм гэж хэлээд зээл авах зөвшөөрөл авч байсан гэдэг. Үүний нэгэн адил И Бёнчүл ч бас тухайн үед санаанд багтамгүй ч хожмын өдөр улс орны эдийн засгийг тэтгэх холын бодлыг агуулж байжээ. Улс оронд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн цаас, эм, элсэн чихрийн үйлвэрлэлээс эн түрүүнд элсэн чихрийн үйлдвэрлэлийг сонгосон юм. Гэвч дөнгөж дарангуйлал дороос нь гараад байсан Япон орноос тоног төхөөрөмж оруулна гэдэг тун амаргүй, тоног төхөөрөмж суурилуулах мэргэжилтэн оруулна гэдэг бүр ч боломжгүй хэрэг байв. Гэсэн И Бёнчол бүх эрсдэлийг өөрийн биеэр хүлээж зүтгэсэнээр эцсийн дүнд амжилтанд хүрсэн. Дайны нурман дунд, дээрээс нь техник гэх зүйл нэг үгүй солонгост элсэн чихрийн тоног төхөөрөмж өөрийн биеэр угсарна гэдэг туйлаас хэцүү хэрэг байв.
Дүгнэн хэлэхэд хэний ч санаанд багтамгүй, хэний ч харсан боломжгүй мэт харагдах зүйлсийг зүрхэлж хийсэн И Бёнчол мэтийн хүмүүсийн хувь нэмэр өнөөгийн солонгос орны хөгжилд их билээ.
Үүний дараа тэрээр бордоо үйлдвэрлэл гэсэн бас нэгэн эрсдэл дүүрэн салбарт хөл тавьсан ч улс төрийн шалтгаанаар саатаж хожим зорилгодоо хүрсэн. Энэ үйлдвэрлйин салбар солонгосын хөдөө аж ахуйн хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйлийн нэг болсон юм.
И Бёнчүлын түүхийг уншиж байхдаа “арай л өөр”, “аргагүй л” гэсэн бодол төрж байлаа. Энэ тухай нэгэн түүх өгүүлбэл
1961 онд хууль бус их орлого олсон хэргээр 11 бизнесменийг баривчилж, тэдгээр хүмүүс бидний нэгэн болох И Бёнчолыг яагаад баривчлахгүй байна гэсэн гомдол мэдүүлжээ. Тэр үед И Бёнчүл японд байв. Гэвч тэр даруй эх оронд ирэхэд нь онгоцны буусад дээрээс дотоод хамгаалахын ажилтан баривчилж бүрэн хараат байдалд зочид буудлын нэг өрөөнд хорив. Хэдэн өдрийн дараа түүнийг Паг Жонхы ерөнхийлөгчтэй уулзуулахад хоригдож буй 11 бизнесмений талаар “хүн өөрийн хүч чадал, хичээл зүтгэлээр корпорацаа хэл дээр нь босгох гэж зүтгэсэн хүмүүс харин ч орлогоос давсан шударга бус татварын гайгаар тэд ийм хэрэгт холбогдоод байна. Тэднийг шийтгэх бус эдийн засгийг хөл дээр босгоход оролцуулах хэрэгтэй зүйтэй” гэлээ. Ерөнхийлөгч ямар ч үг хэлэлгүй дараа боломж гарвал уулзана бизээ гэж хэлээд гаргажээ.
Маргааш нь түүнийг суллагдсаныг хэлэхээр дотоодыг хамгаалах албаны залуу ирэхэд нь өнөөх 11 хүн яасныг асуухад нэг их өөрчлөгдсөн зүйл алга гэж хариулжээ. Хариуд нь И Бёнчол буудалд хоригдож байгаа намайг суллаад шоронд хоригдож байгаа тэднийг байлгаад байх юм бол би ч бас тэр шорон руу чинь явъя даа гэжээ. Маргааш нь өнөөх 11 хүн суллагдсан гэсэн мэдээ авсаны дараа тэрээр гэртээ харисан гэдэг.
Энэ мэт И Бёнчолоос сурах юм их ээ. Самсунг өнөөдөр дэлхийн хэмжээний корпораци. Дэлхийн хэмжээний корпораци ингэж эхэлсэн юм. И Бёнчолоос эхэлсэн юм.
Аавын шийр хатаах гэсэн үг бий. И Бёнчолын хүү И Гонхы ааваасаа илүүг хийсэн солонгосын орчин үеийн домог болсон хүн. Түүний тухай яривал их зүйл бий. Сайн зүйл ч бий, саар зүйл ч бий. Гэвч сайн, саарын ялгааг хэн тогтоодог юм бэ. Хүн. Хүн бүр өөрийн өөрийнхөөрөө үнэлдэг. Миний хувьд И Гонхы гайхамшигтай дайчин, бүтээлч, үл цуцах, гандан буурашгүй чанарыг бишрэн хүндэлдэг юм. Үнэнийг хэлэхэд тэр хүний тухай би нэг их сайн мэдэхгүй л дээ. Удахгүй уншинэ. Гэхдээ түүний тухай өгүүлсэн “Арван хэдтэй И Гонхы шиг” гэдэг ном бий. Уншаарай.
Ингээд Ямажаки Касхико хэмээгч япон хүн бичиж солонгос хэл дээр “Томыг хар, Холыг хар” гэсэн нэрээр орчуулсан номыг уншсан “дагуул бодол” ийм байлаа. Гэвч энэхүү номонд шингээсэн үнэн агуулга, сайхан санааг хэрхэн багтаах билээ.
댓글 없음:
댓글 쓰기