2010년 2월 24일 수요일

"ҮГ" хэмээх үгийн өмнө

“ҮГ”-р бүтээгчид болцгооё

ҮГ-г минь сонсох хүмүүс, ҮГ-ээ үлдээх орон зай зөвшөөрсөн аугаа нэгэнд талархаад ундарсан бодол, ургасан үгээ толилуулъя.
Тэрхүү бодол ундраасан үг маань өөрөө “ҮГ” билээ. Эхлэл үгүй, төгсгөл үгүй үг хэмээх зүйлийн тухай бодож, ҮГ хэмээн их хүчний өмнө толгой мэхийн бодлогширч, мөн тэрхүү “ҮГ”-ийг холбон танд хүргэж байна.

Өнөөдөр Нобелийн “Энх тайвны шагнал” хүртсэн хоёр хүний тухай олж мэдлээ. Нэг нь үүний өмнө итгэлийнх нь тухай бичиж та бүхэнтэй хуваалцсан нэгэн билээ. Солонгосын ардчилалын хүндэт эцэг Ким Дэжүн ерөнхийлөгч 2000-нд энэ шагналыг хүртэж байжээ. Түүний хөдөлшгүй бат үзэл нь, амь нас нь аюулын ирмэг дээр хүрээд байхдаа ч, гяндангийн давчуу өрөөн шаналахдаа ч, цаазаар ял сонсохдоо ч өөрчөгдөөгүй хүмүүнлэг, ардчилсан үзэл нь энэ шагналд хүргэсэн байж таарна. Энэ үзэлийнх нь цаана бурханд итгэх бат итгэл байсан юм.
Харин Обама дэлхий нийтийг сэрээж, улс орон бүхнийг “орчин үелэг энх тайванд”-д уриалж, тодорхой хэлбэл цөмийн зэвсэггүй дэлхий болох ёстой хэмээн шийдэмгий хэлж, түүндээ дэлхий нийтийг ятган үнэмшүүлж чадсан үг нь энэ шагналын эзэн болгосон гэж болно.
Товчхондоо үзэл үг хоёр тэднийг нэр хүндэт үйлсийн эзэн болгожээ. Үзэл үгээр илэрдэг. Хүн юу гэж итгэнэ. Түүгээрээ юмыг харж, юманд хандана. Энэ нь үзэл болно. Ким Дэжүн ерөнхийлөгч бурханы нэгэнт хүнд олгочихсон эрх, эрх чөлөөг хүний нийгэм өөрөө гажуудуулах ёсгүй, хүн бүгд адилхан бурханы бүтээл болохын хувьд нэг нэгнээ адил тэгш хүндлэн үзэж, хайрлаж өршөөж чаддаг байх ёстой гэж хөшүүн хатуу цагт хөдлөшгүй бат итгэсэн. Энэ итгэл нь үзэл болсон. Үзэл нь нобелийн шагналд хүргэсэн.
Обамагийн хувьд хүн төрөлхтөн өөрийн хийсэн зэвсэгээр өөр хоорондоо өрсөлдөж, бие биенээ дарангуйлах ёсгүй. Улс орон бүр тэгш эрхтэй, “ЗӨВ” оршин тогтнох ёстой. Бурханы бүтээж өгсөн эх дэлхийгээ хайрлах ёстой. Бид өөрчлөгдөж чадна. Бид хийж бүтээж чадна(We can change. We can do) гэсэн “ҮГ”-г хэлж, “ҮГ”-р итгэл найдвар төрүүлж чадсан билээ.
Ингэж итгэлээс үг төрж, үг өөрөө итгэлийг төрүүлж, амьдралыг өөрчилж, бүтээж чаддаг байна.

“Эхэнд үг байсан, Үг нь Бурхан байсан ” хэмээн Иохан ном эхэлдэг. Яагаад ч юм энэ хамгийн анх миний ой тойнд үлдсэн библийн “ҮГ” билээ. Библийн хаана нь бичигдсэн, хэзээ хаана уншсан, эсвэл сонссоныг санадаггүй байсан ч энэ үг “ҮГ” чигээрээ надад үлдсэн байсан юм.

Угаас амьдрал гэдэг үгээр эхэлж, үгээр бүрэлдэн бий болж, хүний амьдрал үг(дурсамж) болон төгсдөгсөн бус уу. Эхэнд “ҮГ” байжээ хэмээсэн нь ертөнц үгээр үүссэн гэсэн үг бөгөөд “Гэрэл бий бол” хэмээн бурхан хэлэхэд гэрэл бий болсон гэж бичигдээгүй гэж үү. Тиймээс үг хэмээгч нь ширхэг дусал нийлсээр гол мөрөн, далай тэнгис болдог шиг, хүчилтөрөгч нийлсээр агаар мандал болж, нэгэн эс нийлсээр түмэн бодис, мянган амьтан бүрэлддэг шиг анхдагч, бүхнийг бүтээгч “нэгж хүч” буюу.
Оюун санаа, сүнсий хувьд үгийн энэхүү “БҮТЭЭГЧ ХҮЧ” бүр ч хязгааргүй. Үгээс итгэл төрж, үгээр итгэл батжина. Бид ийм хүчит үгээр ярьж, бид ийм үгээр харилцаж, бид ийм үгийг сонсож, ийм үгийг уншиж, ийм төгс хүчит үгээр бичдэг ажээ.
Нөгөө талаас оргүй хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн шиг одоо байгаагаас илүүг, онцгой сайхныг бүтээ гэж бүтээхийн хүчтэй “ҮГ”ийг бурхан бидэнд эрх мэдэл болгон, эзэмшил болгон өгсөн гэлтэй. Ийм үгийн өмнө өмнө толгой мэхийн бодлогширном(humbled and mindful). Ийм бүтээхийн эрх, биелүүлэхийн хүчтэй үгээр би бишрэл дүүрэн бичнэм.
Хүн бурханы дүрээр төрсөн юм бол мөн бурханы үгтэй төрсөн байж таарна. Сонсдог, ярьдаг төрөөд, уншдаг бичдэг болсон юм бол бурханы ҮГ-ийн хүчийг өөртөө агуулсан байна гэсэн. Үгийн эрхтэй төрсөн юм чинь бүтээхийн үүрэгтэй, тэрхүү үгээр өөрийн гэсэн “ҮГИЙН БҮТЭЭЛ”г үйлдэхийн зарлигтай болсон байж таарна. Үгийн тэрхүү БҮТЭЭХ ХҮЧ, БҮТЭЭХ ЭРХ, БҮТЭЭХ ҮҮРЭГ-г хэн нэгэнд сайн мэдээ сонсгоход зориулахын тулд ч байж болох юм.
Энэхүү “сайн зарилга”-н доор би сонссон ҮГ-ээ өөрийн ҮГ болгон танд хүргэж байна гэж хэлж болох юм. “ҮГ” хэмээх үгийг ухааруулж, үгийн бүтээх хүчийг ойлгуулсан бурханд талархаад үгээр бүтээхийн үүргээ биелүүлэхийн төлөө хичээх болно хэмээн амлая.
Үгээр бүтээгдсэн дэлхийд төрж, үгээр өсөн, үгэнд итгэсэн та бүхэн минь “бүтээхийн хүчтэй бурханы үг”-ийг хичээнгүйлэн сонсож өөр өөрсдийнхөө “ҮГ”-р бусдыг бүтээн босгогчид болоорой хэмээн ерөөе.

ҮГ-ийг шамдан сонсож ҮГ-р бүтээгч YDMN-чүүд байх болтугай.
Ариунбаатар 2007 оны 12 сарын 13

댓글 없음:

댓글 쓰기