2010년 1월 14일 목요일

Солонгос хэлний үг тогтоох арга-1

새 해 복 많이 받으세요.
хэмээн хүн бүр мэндэлж, та бүхэн ч гэсэн бүх бүрт мэнд хүргэж байгаа биз. Хэдийгээр монголын минь цагаан сараас бүтэн сараар зөрж байгаа ч сурч, амьдарч байгаа орныхоо цагаан сарыг өөрсдийн хэрээр тэмдэглэж идээнээс нь амсаж заншлаас нь суралцана хэмээн найдаж байна.

Бидний монголчууд Цагаан сар хэмээдэг. Солонгосчууд 설날 хэмээнэ. 설날 гэсэн үгийн утгын талаар олон янзын таамаг байдаг. Тэр дундаас 설다 буюу болоогүй, түүхий гэсэн үгийн үндэстэй холбон тайлбарласан нь илүү түгээмэл. Өөрөөр хэлбэл болоогүй, хараахан ирээгүй гэсэн утгаар.

Солонгос хэлнийх нь бяр тэнхээ ид сууж өдрөөр бус цагаар өсөн нэмэгдэж байгаа та бүхэнд соль гэдэг үе орсон хэдэн үгийг сануулан хэлбэл улам бүр өсөхөд чинь ямхын төдий ч нэмэр болох болов уу.

Дээр өгүүлсэн 설다 түүхий, болоогүй гэсэн утгатай үгнээс 낯설다/нүүр түүхий буюу танихгүй /낯익다 нүүр болсон буюу танил гэсэн үг үүснэ. Мөн 선고기/түүхий мах/, 선 과일/түүхий жимс/ гэж болно.

Үүнээс гадна
설(雪) цас гэсэн утгатай ханзны үг бий. Энэ үгнээс
백설 цагаан цас (백설공주 цасан цагаан гүнж),
설탕 цасан чихэр буюу элсэн чихэр
제설기 цас арилгагч, 제설차 цас арилгагч машин /제 гэдэг нь арилгах гэсэн утгатай ханз, компьютер дээр 제거 гэж байдаг нь remove programm гэдэгийн remove/
설산 цастай уул

설(說) ярих гэсэн утгатай энэ ханзнаас маш олон үг үүснэ.
설명 тайлбар /ярьж хэлж тодорхойлох/
설화 домог яриа /ам хэлээр дамжсан яриа/
연설 илтгэл, яриа /олны өмнө ярих/
설교 номлол /номлон ярих/
설득 ятгах/сэнхрүүлэн ярих/
설문 асуулт, асуулга/ам хэлийг асуух/
가설 онол/зүй тогтол бүхий үг яриа/
소설 роман/багахан яриа/
욕설 хараал үг/муу муухай үг, яриа/
전설 домог/дамжиж ирсэн яриа/
해설 тайлбар/учрыг тайлбарласан яриа/ гэх мэтээр яаж ийж байгаад л хэл, яриа гэсэн утгатай холбогдоно. 설 буюу ярих гэсэн утгатай ханз орсон болохоор.

설(設) босгох, барих гэсэн утгатай энэхүү ханзнаас
설계 төлөвлөгөө
설계도 зураг төсөл
건설 барих, байгуулах
설비 тоног төхөөрөмж байрлуулах
설치 байрлуулах, суурилуулах

Ганцаас газар дүүрнэ гэх шиг. Солонгос хэл ганцхан үгнээс, ганцхан ханзнаас нүүр дүүрч байгаа биз. Энэ бол солонгос хэлний онцлог, бас бидний үг амархан тогтоож болох “муу арга”. Би бээр санаанд орсон хэдэн жишээгээ чадан яадан түүсэн хэрэг. Үүнээс цааш төстэй хичнээн ч үг байгаа билээ. Толь бичиг мэдэх буй заа.
Гагцхүү хүү та бүхэн үг тогтоох үр дүнтэй арга болгон хэрэглээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. Үүнээс цааш 화/яриа/ ,담/яриа/ гэсэн хоёр үгнээс хичнээ утга салаалах нь уу сонирхоод үзээрэй. Мөн ч олон үг гарна даа. Ихэвчлэн та бүхний мэддэг. Хэрвээ ханзаар нь хайяа гэвэл http://hanja.naver.com/ ийг хэрэглээрэй. Бас толь бичигүүдээ ашиглаарай.
Амралтын өдрүүдээ үр дүнтэй, зугаатай өнгөрүүлэхэд чинь тус болох байх
. Миний монголын билиг их, бүтээл их залуустаа амжилт хүсье

새 해 복 많이 받으세요!!!!!

댓글 없음:

댓글 쓰기