2010년 1월 13일 수요일

Нэргүй шүлгүүд

Ирэхийн тулд явчихлаа гэж....



Зэвэргэн салхиар жиндүүлэн үлээж

Нимгэн навчис хуйлруулан хөөгөөд

Дээвэр тоонондоо л хоргодох адил

Дэлгэр цаг яваад өгөхөөр

Алтайн уулс бүтэн тойрч

Нарын илч хурайлан тойлон

Ахиад хаврыг туун наашилхаар

Алсхан газар аялчихлаа гэж би хүлээдэг ээ



Яг л тэр долоон сарын нар мандах шиг

Ялгуун харцаар халууцуулан илбэж

Жин үдээр дуслах үүлний зөөлөн намиа шиг

Цээжний агаар тунгалагшуулан шивнээд

Бодлын ганган дэнжийг хээлж

Бор хөрсийг нь цэнхэр болгосон бүсгүй



Өөрт огт хамаагүй юм шиг

Өөр хүнд санаатай юм шиг

Газрын хөрсийг гижигдэн гишгэлсээр

Ганган дүрээ надаас булаасаар одоход чинь

Эр навчинд унасан эрвээхэй

Эргээд нисэхдээ гандсан байдгийг

Эх зөн, хүн чанараа үргээсэн эр

Энэ орчлонд олон байдгийг

Амсаж үзэх гэж

Ахиад ирэх гэж

Эргэж ер буцахгүйгээр

Эндээ тэгээд төгсөхөөр

Ирэхийн тулд явчихлаа гэж

Итгэл дүүрэн би хүлээдэг





*****************

Ширхэгийн тоогоор гоо урлаж асгарах гэзэг

Шив шинэ огт байгаагүй айзам эгшиг

Дэндүү гоё нь гаднаа цацардаг охидыг хараад

Дэрвэтэл үлээж цээжний хуй эргэдэг ч гэлээ



Цав цагаан зүрхэнд хүн санаа тодорч

Цавчих нүдний гүнд бурхан заяа дэлгэрч

Яах аргагүй амьдын жавхаа бадарч

Ямархан гэгээн мөчид миний сэтгэл яардаг гээч



Ингэхдээ би

Их хүсэлдээ хөлчүүрэнхэн талимаардаг

Тогтож ядсан омогтоо

Согтууранхан агсардаг аа

Харин

Харин харцаа дэвсэж ичингүйрлээр гоёлгүй

Хачин эрхэмсэг, дэндүү бардам явж одох

Зүстэй охины хатан омогт

Зүрхээн хөндүүрлэтэл балбуулчихаад

Олны зайнаас жаахан хөндийрч

Омог гунигаараа л гоёж алхдаг аа





*****************

Дүрсгүйтэж, хөөрхөн бүсгүйд сээтэн хаяж

Чамайгаа гомдоож

Дүрлэгэр нүднээс чинь нулимс унагаж

Үнэн сэтгэлээс чинь амсаж

Үг дутаж

Үйлээ бартал чамайг аргадаж

Эцэст нь эвлэж

Эвийн мод шиг нийлж

Цээж тэнийж

Сэтгэл цэлмэж

Бүтэн заяа дүүрэн эрхэлж

Бүлээн агаарт хамт инээж

Улам улам уусаж

Уярч дотроо баясах гэж

Зөн зөндөө шившиж

Цөсөө дэвэртэл мөрөөсөх юм.





*****************

Яг л ивээл шиг бас ерөөл шиг

Ялдам гоо бүсгүй

Чимээгүй дуу алдуулмаар бас гуниглуулмаар

Намуун үдэш, хаврын урь шиг

Хүн гэдэг нэрийн сайхан бүхнийг шингээсэн

Хүсэл гэдэг оргилын алтан дарцаг дэрвүүлсэн

Сар гэхэд санаанд туяарах үзэсгэлэн

Салхи гэхэд бодол сандаах эсэргэн

Үхэл хүртэл үргэж дэгдэн буцмаар үнэн үзэгдэл

Үзэхийн түрүүнд харахын гайхамшиг үзэсгэлэнт бүсгүй





*****************

Сайхан охидийн өмнө би гунидаг

Саран мэлтэрсэн дэлгэр цагийн

Саа тунамал шөнө шиг

Санаа жаргаан гэгээ унтуулах

Дотно сэрүүн амьсгал

Дотор цээжнээ наашилж

Санааны хур шивэрч

Сэрлийн салхи бүждэг ээ

Сэтгэлийн байгаль тэгээд сэргэж

Итгэлийн гүйгүүл хүлэг

Тэнхээ сэлбэн дэргэдэг ээ





*****************

Сэтгэл илбэсэн

Сэр сэр гэгээн салхитай

Нүд аргадан жаргаах

Нэг л уян тансаг байгальтай



Нутгаа түр мартаж

Нууцхан хаагаад жаахан суумаар

Тугал нүдэнд нь

Хараацай болон харвамаар

Тунгалаг харцанд нь

Жараахай болон шунгамаар

Гэрэлд нь баясаж харанхуйд нь төөрмөөр

Гэгэлгэн алсад санаагаа үдэж далламаар

Бодитой бодигүйн заагт

Бодол эргэцэж тэмүүлэл асах

Энэ л миний амьд орчин

Эргэж дуулах амтат хором





*****************

Тэд намайг аргаддаг юм

Тэнгэр тэмтрэх харцны хээлэнд

Тэгш цагаан шүднээс энхэр шувуу нисгэж

Энгэр цагаан хун наадуулан

Эрхлэн наадах хүслээ бүжиг болгон дэрвээж

Алаг эрвээхэйн өнгөт аалиа наранд гялбуулан

Араас нь гүйдэг балчир цагийн зөн сэрээж

Цэцэгт тал, сэрүүн шүүдрийн өөдөө хур

Цэвэрхэн хоолой, цэнгэлт үдшийн амьд аялгуу

Дэлхий хөрсөөн бүүвэйлж эргэдэг шиг

Дээдийн бас жирийн бүхнээр тэд намайг аргаддаг





*****************

Монгол монгол хэвээрээ байхад

Морь их үүрэгтэй

Газрын хөрснөөс ургасан цагаасаа

Гарцаагүй морьтойгоо л ирсэн

Газраас тасарч үлгэрт итгэхэд

Ганцхан морь л үлдсэн

Мэднээ гайгүй

Урт холын зам туулаад аавын гэрт буухад

Уян дээрээ баярлах шиг

Унаган хүлгээ шилгээхийг харсан хүн

Харуй бүрийгээр гэрээ зориод мордоход

Хазаар дараад л морь зад тавин хатирахад

Санаа гэдэг сансарт аялаад

Салхитай наадаж огторгуйд асдаг юм

Учир бий

Ухаанд минь морь явдаг юм

Мохсон, мартсан монгол ухааныг

Морь авч явдаг юм

Ганцын ганц хүү гэдгээс минь илүү

Газар дээрх дээдийн бахархал

Цэнхэр алсын дуудлага

Цээний минь нууцхан омогшил

Морь байдаг юм.

댓글 없음:

댓글 쓰기