Гурав дахь захидал
Хаанаас яаж гэдгийг мэдэхгүй ч
Хачин сайхан наашилдаг
Хавар шиг охинд:
Цэцгийн үр хөрсөн доор суниахад
Цээжинд чинь догдлол сэрэх бий
Зөнгөөрөө ингэж хавар ирэхэд
Зөөлөн салхи хойд зүгээс сэвэлзэх бий
Эргэлзэх хэрэггүй
Эгийн салхи шүү тэр чинь
Залгуулж бичсэн шүлгээ
Захидлын уралдаанд өгсөнүй
Дэндүү дурлалаа нэрний төлөө
Дэлхийд цацчихвал чамд дутчихна
Онцын ялдам дүрийг чинь
Оюуныхаа толинд ойлгон байж бичлээ
Сэргэлэн цовоо дүр шигээ
Сэтгэл чинь бас гоо байгаасай
Санаагүй үнэн үгийг минь
Санаашран байж уншаасай
Найрагч хэдий биш ч гэлээ
Найраг шүлгээр минь бахдуулсандаа
Эс бүхэндээ инээмсэглэл нууж
Энэ өдрүүдэд чи баяртай яваасай
Сайхан гарыг чинь атгаж мэндлээд
Саруул нүдэнд чинь дүүрэн багтаад
Санаагаа дэлгэж ярихсан гэж
Санаа алдан боддог юм аа
Гэвч
Өөгүй цэвэрхэн чиний өмнө
Өөрийгөө аваачиж дийлэхгүй нь ээ
Дэндүү сэтгэлээ буруу ойлгуулчихвал
Дэгжин шувуухай шиг нисчих вий гэсэндээ
Гэнэтийн сайхны өмнө хүн
Гэрэвшиж сандардаг шиг
Учиргүй ихийн дэргэд
Учраа олохгүй мэгддэг шиг
Яахаа би мэдэхгүй байна
Ямартаа ч ......
Дөрөв дэхь захидал
Санаанд минь эрхэлдэг
Сайхан охинд:
Бүсгүй хүнийг шагшин магтаж, гоо үзэсгэлэнгийнх нь өмнө санаа сөхөрч, ухаангүй дурлахсан гэж би хүсдэг байсан.
Харин одоо зөрөөд өнгөрөхийг чинь зөндөө удаан хүлээж, цээжинд гэгээ татаж, санаа согттол ялдамхан инээмсэглэж өнгөрөхөд чинь хөлнөөсөө бусдыг хойноос чинь алдчих шиг санагддаг болчихож.
Хүн болгонд чи тийм сайхан инээмсэглэл бэлэглэдэг юм гэж үү?
Эхэлж би чамайг хараад
Ийм сайхан охин байдаг юм уу гэж
Эрхгүй дуун алдсан шүү
Гэзэг үсээ хөдөлгөсөөр чамайг холдоод явчихаар
Гэгээ татраагүй хэрнээ орчлон бүүдийж хоцорсон
Тэрнээс хойш хааяа хааяа
Тэвдэн байж харахдаа
“Хацар нь хонхойж инээдэг юм байна
Хав хар нүдтэй юм
Тэгш шулуун хамартай юм
Тэгэж байгаад ухаалаг юм”
Өдөр бүр л тэгэж
Өөртөө нээлт хийдэг болсон
Жаахан мөртлөө цэмцгэр бие
Жавхаалаг алхааг чинь хараад баймаар
Үнэн шүү, охин минь
Үнэхээр би чамд дурлажээ
“Зөн асаах инээмсэглэлийг чинь
Зүүдэндээ ч болов харахсан
Зөөг намуун алхааг чинь
Зөрөхийн төдий ч ажихсан” гэж хүсдэг
Гэвч
Дурласнаараа түрүү барьж
Дурлалдаа хариу нэхэх гэж
Энэ захидлыг бичсэнгүй ээ
Нэг хүн надад сайн гэдгийг мэдээсэй гэж
Нээрээ би царайлаг юм гэж баясаасай гэж
Цээжиндээ чинь тэгээд дулаан анирлаж
Цэцгийн хур шиврээсэй гэж би бичлээ
Санаанд чинь өөр хүн байг хамаагүй
Сайхан залууд над шиг дурласан байг хамаагүй
Сарнай шиг эмзэг охин үрийг
Салхи шиг дураараа бүсгүй хүнийг
Саатуулж тогтоох эрх бурханд ч байхгүй
Өөр яах юм бэ
Өгч байж авдаг хорвоо
Хүн дагина шиг сайхан охинд
Хүслээ өгөөл биз яадаг юм
Хайраа, хүслээ өглөө ч
Харин би өр нэхэж чадахгүй
Ийм бодолтой захидал бичлээ
Эргээд хариу нэхэхгүй ээ
Чи үүнийг
Онцын сайхныг дуулахыг хүсдэг
Оюун бодлын онгод гээд бодчихоорой
Сар нарны ээлжтэй хорвоод
Сайхан төрснийхөө шагнал болгоод авчихаарай
Шүлэглэж бичсэн үгийг минь
Сүүдэрт даарсан хорвоогийн
Сүүн цагаан дусал гэж санаарай
Чихэнд чинь чимэг болон хоржигноод
Чилсэн бодолд чинь сэрүү таттал жирэлзээд
Урдуур чинь урсан өнгөрөх
Уулын бяцхан горхи гэж бодоорой
Сартай үдшээр санаашран суухад чинь
Санаа алдуулан хацрыг чинь илбэчихээд
Сансрын уудамд уусан одох
Саваагүй хонгор салхин гээд саначихаарай
Биегүй болохоороо бурхан амьд оршдог
Биелээгүй хүсэл л хамгийн нандин байдаг
Хүсэвч хүрээгүй хайр л
Хамгийн нандин байдаг юм
Хайртай чамд би
댓글 없음:
댓글 쓰기