2010년 1월 13일 수요일

Зүрх цагаан хараацай нисээрэй

Зүүдний бус сэтгэлийн гүнээс

Зүрх цагаан хараацай нисээрэй

Сартай хээрээрээ алхуулж яваа

Сайхан аавын минь дөрөөг шүргээрэй

Цовоо хараацай дөрөө шүргэхэд

Цочоод аав минь юу гэж хэлэхийг сонсоорой



Зүүдний бус сэтгэлийн гүнээс

Зүрх цагаан хараацай нисээрэй

Намайг амилуулсан өндгөн цагаан гэрийн

Нар уудалсан тооноор сүүдрээ дусааж нисээрэй

Нас тогтсон ээж минь хүүгээ санаж уулга алдах бий

Надад л хувьтай тэр үгийг газар унагалгүй зууж ирээрэй



Зүүдний бус сэтгэлийн гүнээс

Зүрх цагаан хараацай нисээрэй

Наран унаж салхин тогтсон

Намуухан шар тал дээр буугаарай

Мөрөөдлийн бус талын шувуухай яаж жиргэдгийг

Мөнөөхөн хараацай шүлгийн хэлээр шивнэж хэлээрэй



Зүүдний бус сэтгэлийн гүнээс

Зүрх цагаан хараацай нисээрэй

Бүрэнхийн харз шиг тэлмэн харцтай

Бүжин охины шанхаар наадан шунгаарай

Ядмаг бүхнээс цойлж гарсан зүрхний хараацай

Янагийн дуу дундаас миний л үгийг түүнд хүргээрэй



Зүүдний бус сэтгэлийн гүнээс

Зүрх цагаан хараацай нисээрэй

댓글 없음:

댓글 쓰기