2010년 1월 13일 수요일

Дурлалын шүлгэн захидалууд-Хоёр дахь захидал

Захидлыг минь хүлээн авсан

Даруухан охин чамд баярлалаа

Урсган бичсэн мөрүүдийн минь

Утгыг тунгаан уншаарай

Мөрөөдөл догдлол бялхуулан бичихдээ

Мөр болгонд нь сэтгэлээ шингээлээ

Шүлэг бичсэнд чинь баярлалаа гэжээ

Шүтэж хайрласанд талархалаа гэжээ

Сараачин бичсэн шүлэгт минь биш

Сайхан төрүүлсэн аав ээждээ баярлаарай

Уралж бүтээсэн бурхан Афродита

Ургуулж төлжүүлсэн бүхэнд баярлаарай

Содон сайхныг харахыг хүсдэг

Сониучхан зан хүнд байдаг

Зогсон саатаж, дурлан хорогдмоор

Зохицож таарсан үзэмж байдаг

Ухаанаа алдтал дурлан би бичээгүй

Учиргүй ихээр мөрөөдж би хүсээгүй

Учраа мэдэхгүй галзуу дурлал

Ургах насанд даруухан өнгөрсөн

Харин одоо би уясанхан дуулмаар байна

Хачин гоог бахдан бичмээр байна



Дуутай борооны цахилга шиг эрчтэй

Дурлал гэдэг даанч хүчтэй

Дугуйраад татсан солонго шиг өнгөтэй

Дурлал гэдэг даанч шидтэй

Хөөрүү насны зүрхэнд ассан

Хөвгүүн дурлалын догдлолыг мэдэх үү

Онгон зүрхэндээ хадгалан байдаг

Охин дурлалын нууцыг хэлэх үү

За яахав дараа болъё

Залгуулж бичих цагийг олъё

Оюун санаанд минь баясал төрүүлж

Онгод шүлгийг минь нарлан тэтгэж

Онцын ялдам охиныг таниулсан

Орчлон ховоо чамд баярлалаа

Нүүрэнд чинь тодрох мишэлзээ

Нүдэнд чинь тунарах мэлмэрээ

Гоёхон үсний чинь хаялага

Гоолиг биений чинь даллага

Сэмхэн харсан үе минь богино

Сэтгэлд ургах дүр чинь энэ



“Хичээлээс өөрийг бодохгүй...“ гэжээ

Биеийн сайхныг олж төрөөд

Билгийн сайханд шамдан суух нь

Зүстэй бүхэн зүгээ алдсан хорвоод

Зүйргүй сайхан хэрэг биш үү

Ялгаа байхгүй би ч гэсэн

Ядаж бодлоо дэлгэх завгүй л явна

Галзуу юм шиг ингэж ажиллах нь

Гарцаагүй бидний үе юм даа

Яая гэхэв, охин минь

Яахын аргагүй чиний зөв

Чамаас би юу ч нэхэхгүй

Чамлаж бас магтаал хүсэхгүй

“Чихийг чинь илбэж

Чилийг чинь гаргачихаад

Урдуур чинь урсан өнгөрөх

Ууллын бяцхан горхи гэж бодоорой

Сайхан үдшээр санаашран зогсоход чинь

Санаа алдуулан хацрыг чинь илбэчихээд

Зүг чиггүй урсан одох

Зүггүй хонгор салхин гэж бодоорой” гэж

Би бичсэн

Яг л чи ингэж бодоорой

Яавч гайхан эргэлзэх хэрэггүй

Үлгэр шүлэг гэдэг

Үнэндээ сэтгэлийн салхи байдаг

Уран “сэтгэлийн салхи” байдаг

Ухаан бодлын урсгал байдаг

Булаг шандын ундрага адил

Буцааж нэхэхгүй баялаг байдаг

Би

Өрөөлийн дундаас ээж аавыгаа хүндэлдэг

Өөрийн гэхээс энэ биедээ итгэдэг

Өндөр бүхнээс цэнхэр тэнгэрийг ширтдэг

Өгөх бүхнээс үнэн хайраа гамнадаг

Би

Дэндүү том орчлонд зайгаа олоогүй тэнүүлчин

Дээлээ эсгэдэг амьдралд даавуугаа бэлдээгүй гуйлгачин

Гэвч би өөртөө итгэлтэй

Гэрэлт ирээдүйдээ бүр ч итгэлтэй

Ээж аавын итгэлд хүлээстэй

Эх орон сэтгэлд уяатай

Хүний ёсонд тахимдуу

Хүслийн шуурганд цуцамдуу



Дурлаж бичсэн шүлгийг минь

Дургүйцэж чи түлхэхгүй биз

Алга дарам эрээн цаастай

Атаархаж хардах нь үгүй биз

Сүүдэр дийлсэн орчлонд

Сүрдэж чи айсан бол

Бүү айн дуу шиг шүлгийн минь

Бүлээн мөрөнд дулаацаарай гэж

Дэндүү ууудам хорвоогийн зайд

Дэрсхэн жигүүр чинь цуцсан бол

Эрчим нийтгэж бичсэн шүлгээс минь

Эрч хүчийг олоосой гэж

Болсон болоогүй шүлэглэж байна

Бодол болон бичиглэж байна

Хөөрхөн гэхээсээ

Зөөлөн чинь илүү

Цантаж мөстсөн нууран дундах

Цав цагаан хун гэж төсөөлнө

Гэвч сэтгэлийг чинь нуур гэж

Гэрэл тэмүүлэх цэцэг гэж

Хархан нүдийг чинь харз гэж

Хаа ч өнгөөрөө тунарна гэж

Зүйрлэн зүйрлэн бодно би

Зүйргүй ихээр догдлоно би



Үнэнийг хэлэхэд чи эрчтэй

Үгээр хэлэхэд хэцүү адтай

Олон үг хэлэмгүй шийдэмгий

Орчин үеийн жинхэнэ бүсгүй

Харцаа өргөж шудрага алхдаг шигээ

Хаана ч чи бардам яваарай гээд

Хамгийн энгийнээр захидлаа өндөрлөе

Хариу хүлээнэ, Эгийн салхи

댓글 없음:

댓글 쓰기