(Эмэгтэйчүүдийн баяр хэмээн хүмүүс бужигнахуй ээжийгээ л бодож гуниг жаахан төрөв. Ингээд хүлцэл өчиж, ижийдээ нэгэн шүлэг зориулав)
Бүрхэг л байсан ирээдүйг минь
Бүр тодортол хүслээ надад ивэлгэж
Холхон харагдах жаргалыг
Ойрхон болтол сүсэглэж
Ээжий минь намайг энэ хүргэсэн
Ээжий минь намайг хүн болгосон
Дэлгэрэх цагийн угтал
Дэлхий дэлэгнээд ирэхээр
Дэнслэх сэтгэл нялхарч
Дэвэрч хөөрөөд явчихаар
Хол ойрын ялгааг ялсан
Орчин цагийн ээлэнд ч
Хоёр нутгийн эрхэн доор
Очиж чадахгүйдээ гэмшинэ
Гэмших учир надад их
Гэрээсээ гарсан минь арван жилийн өмнө
Тэнгэр цэлмэж нар гийх нь
Тэр зүгт л илүү байх шиг
Энэхэн насны минь мөнхийн дуудлага
Ээжий минь суугаа тэр л нутагт
Тэр нутагт ээжий минь суугаа болохоор
Тэнгэрлэг хүсэл бүхэн тийш цугтгадаг
Ээжий минь. Эхлэл бүхний минь ундрага, сүүн цагаан булаг минь. Тандаа би дандаа талархаж, таныхаа өмнө жаахан гэмшиж явдаг аа. Тэр гэмшил энгэр цээжийг минь бага багаар түлхэж хүн хайрыг мэдрүүлдаг юм. Муу явах учиргүй гэсэн хүслийн шилбүүр хүүг нь хүний зэрэгт хүргэхдээ л хүргэнэ. Эрх бага насанд минь ч, эмээл дээр дэрвэх эдгүй гэнэн насанд минь ч таны хүслийн торгон шилбүүр хүйн алтан хүрээндээ намайг хурааж, хүсэл дотроо ургадгийн амин ухааныг мэдрүүлсэн. Ээжий минь дээ, та эм атал эрэлхэг дайчин чанар, сэтгэлийн их хатаар хатуу бүхнийг өөртөө дааж, хайр энэрэл цацруулдаг. Насыг минь уртасгаж өөрөө жаргах наран, намайг л гэвэл өөрийгөө умартах бурхан минь.
Та бурханаас илүү үнэн бас ачтан
Бусад хэнтэй ч үл дүйх эгэл хүчтэн
Таныг магтъя гэхүй
Магтаалын үг дутаж самгардана
Үгээр өргөж хүндлэе гэхүй
Үнэн санаанд тань цуцаж дутна
Та миний
Таашгүй совинт амьдарлын гэгээ
Та миний
Давтагдашгүй сонин амжилтын ундраа
Ирэх өдрүүдийн сайн сургыг
Энгэрт тань тэврүүлсэн тоогоор хүргэхсэн
Энхрийлж өсгөсөн дулаан алгыг тань
Эргээд булбарай болтол ачлахыг хүснэм
Үг амар гаравч
Үйлдэл болгох хэцүү
Гагцхүү сэтгэлийг чинь хуурайлж
Голыг тань харлуулах үйлийг
Бүтэлгүй, үйлсгүй явж
Бүлээн цээжийг тань жиндээх хэцүүг
Хүү нь хийхгүй гэж амлая
Хүж дэлхийд амьсгалахын дайтаа санаж явъя
Хаврын салхинд хацар сэвхтэн байж
Хатуу цагаар хэвлий тэлж намайг тулж
Алтан заадас салан байж
Амь хувааж өгсөн атал
Өсгөх гэж өөрийгөө хэд хувааж
Өөрийг минь өндийлгөсөн атал
Надаас болж гашуун нулимс урсвал
Надад тэнгэр харах эрх байхгүй
Бурхан чи сонс
Бусад нь бол хамаагүй
Ээжийгээ л би гомдоохгүй
Ээжээсээ илүү чамайг үзэхгүй
Ивээж хайрласанаараа түрүү барьж
Их шийтгэлээрээ сүрдүүлбэл сүрдүүл
Ээжээс минь илүү юу өгсөн
Энэ урсгал чинь тэндээс эхтэй
Алт алт гэлээ ч
Амтыг нь би мэдэхгүй
Алагхан зүрхний минь хөнгөхөн цохилт
Ачит ээжийгээ дагаж лугшдаг
Ээжий минь надад хэрэв гомдвол
Энэхэн дэлхийн хаана нь гишгэх юм бэ
Би өөрөө зовж болно
Бишид нь бас алдаж болно
Ганцхан ээжийд минь мууг битгий дуулгаарай
Газар цөмөртөл шаналж ч бай
Ганцхан хүнд л, ээжийд минь
Гуйя, битгий дуулгаарай
Нулимс минь чимээлээд
Нууцхан совинг нь сэрээчих вий
Нуурын цалгиа, шувуудын ганганаагаараа
Нутаг минь, нуган чинь сөгдөн гуйя
Бурхан хүний совинг ганцхан удаа хуур
Бүү айлгаарай, нойрон дунд нь аргадаарай
Санаа алдах гүн сүүрс салхи сандааж
Сайхаан ээжийн минь зүрхэн хойморт
Жаврын үзүүр хүргэх бий
Тэрхэн цагааны ноён оргил соёрх
Дун цагаан оргилын дуут салхиар тасалж
Дулаан халуун бодлыг нь өмөөрч
Дугараг цагаан гэрийн нь тоонон дээгүүр хийсгээрэй
Эргэх дэлхий минь гуйя
Ээжийг минь л битгий зовоогоорой
Итгэлийнх нь нарыг битгий халхлаарай
Ивээл ерөөлөөр нь тэнгэрээ сүлээрэй
Намайг харан өглөө бүр мандаж
Намайг даган өдөржин саатаж байг
Тэр зүг л цэлмэг байг
Тэнгэр нүргэлж битгий цочоогоорой
Эх дэлхий минь зөөлөн зөөлөн эргээрэй
Ээжийг минь л битгий айлгаарай
Амь минь хэврэг, бие бага ч
Ачит ээжийнхээ өмнө
Алтан овоо, Алтайн нуруу шиг өндийж
Тив дэлхийд хөндөлдөн сунайж бахдуулмаар
Тэгээд далай тэнгисийн шилгээ, хар шуургыг буцааж
Энгэр дэлгэн налайгаад
Ээжийгээ нэг амруулмаар
Дэлгэр дэлгэр цаг
Дэлхийг өнгөлөөд ирэхээр
Дэнж гүвээ гоёж
Цэцэг өндийгөөд сэрэхээр
Уйлан хайлан сэтгэл
Уярч догдлоод явчихаар
Урьд урьдын дурсамж
Ургаж тодроод ирэхээр
Сайхан сайхан гэвчиг
Санаанд нэг л дутуу
Сайхан ээжийн дурсамж л
Саар муугийн толбогүй
Зүүдэн хүслийн бороо
Зүсэрч намираад удахаар нь
Зөндөөн зөндөөн учралыг
Зөгнөж хүсээд уйдахаар
Ялгуун ялгуун хүслийн дэрвээ
Ялимгүй сульдаад гунивч
Ялдам ааль охидын мишээлд
Янз омог нэгэн асавч
Зөнгөөрөө одох цагийн салхи шиг
Зөрөг зам л орчлонд үлдэнэ
Харин ээж минь, эх минь
Хөрс дэлхий шиг, эх газар шиг
Нүд гялбуулан нар шиг мандаад
Тэр л дороо нар шиг жаргадаггүй
Үүлээ тайчиж, хоромхон туяардаггүй
Бор шороот дэлхий шиг
Бодолд дандаа янзаараа
Сайхан ээж минь
Санааны чимэг, бодлын илч
Сайн явахад тэнгэр шиг харж
Саар явахад бурхан шиг түшдэг
댓글 없음:
댓글 쓰기