Ээжийнхээ дэргэд байхдаа
Эрхэлж нялхарч аваарай
Ээжээсээ холдоод явчихаар
Энэ орчлон догшин болчихдог юм
Таван настай байсан шигээ
Танхил аашаа дэлгэн эрхэл
Гэрт, гадаа бүр олны нүдэн дээр
Гэнэтхэн, гайхтал нь эрхэлж аашил
Үнэхээр би ээждээ эрхэлмээр байна
Үнсүүлнэ гэж, тэврүүлнэ гэж
Үүрүүлж тоглоно гэж
Үүгээр түүгээр зугаална гэж
Ээждээ би эрхэлмээр байна
Хорь гарсан эр намбаа эвдэн байж
Холдоод одсон балчир настайгаа булаалдан байж
Амьдралын цагаас завчлан байж
Амьтны нүднээс зайчлан байж
Ачийг нь тэврээд очихоосоо өмнө
Амжиж нэг эрхэлмээр байна
Энэ хорвоо хүнийг эрхлүүлэхгүй юм
Эжийдээн би эрхэлмээр байна
Ээжийдээ би жилдээ ганц очдог
Ээж минь зөнгөөрөө, би санасан сэтгэлээр
Эргэж, тойрч, хоёр биенээ тэтгэж явдаг
Ийм болохоор хацар минь ээжийгээ үгүйлж
Эрхлэх гэсэн нандин хүслээ мэдэрдэг юм
Энэ орчлонг таних гэж ганцаар алхахдаа
Эх хүний сайхныг гайхаж би биширсэн
Хүссэндээ хүрэхгүй сөхөрч гашуун нулимс залгихдаа
Хүн хүнээс түрүүн ээжээ л дуудаж уужирсан
Хүнд чичлүүлж, битүү хорсож гадаа гарч зогсохдоо
Би ээжтэй хүн гэж бодон нулимс садарч цээж тэнийсэн
Гэрэлтэх цонхны цаана халуун жаргалтай бүл
Гэрийн чинь доор бодолд дарагдан сууж
Тэнд би хүрэх билүү гээд санаагаа хэмжээд гунихдаа
Тэсгэлгүй цуурай хадааж энгэр дотроо цурхирсан
Унтрахгүй явдаг зөнгийнх нь тулганд
Улаан оч бутартал дуудсан
Намайг тэвэрсэн цээжний нь шаргал ангир
Нам тайвнаа алдаж дэрхийтэл би хашхирсан
Ээжээ.. ээжээ... гэж би дэндүү чанга шивнэсэн
Элэг зүрхээ нэвширч нортол би шимширсэн
Ээж минь маргааш нь утасдсан
Эрхэлмээр байна гэж дараа нь би бичсэн
Ээжийнхээ дэргэд байхдаа
Эрхэлж нялхарч аваарай
Ээжээсээ холдоод явчихаар
Энэ хорвоо догшин болчихдог юм.
댓글 없음:
댓글 쓰기