2010년 1월 13일 수요일

Солонгос хэл сурах гэж байгаа бол

10 сарын 9 өдрийг Хангыл үсгийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр эдүгээ хүртэл олон зуун жилийн турш хэрэглэгдэг солонгосын ард түмний бахархал, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болсон Хангыл үсгийг бүтээсэн гэж үздэг. Сурах хэрэглэхэд хялбар энэ үсгийг Жусоны их хаан Сэжун 1446 онд зохиожээ.

Солонгос үсгийн тухай тодорхой мэдээллийг доорхи сайтаас авч болно.

http://www.korean.go.kr/eng_hangeul/origin/001.html

Язгууртан, түшмэд мэтийн тухайн үеийн нийгмийн дээд зиндааныханы хэрэглээгээр хязгаарлагддаг байсан ханз тэмдэглэгээт үсгийг халж ард түмэнд хүртээмжтэй нийтийн бичиг үсэг зохиохыг зорьсон Сэжун их хааны холч ухаанаар бүтээгдсэн энэ үсэг зохиогдсоноосоо хойш эдүгээ хүртэл бараг өөрчлөгдөлгүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд, улам бүр үнэ цэнэ нь өсөн нэмэгдсээр байгаа билээ.



СОЛОНГОС ХЭЛ СУРАХ ТУХАЙД

ХЭЛ гэсэн үгийн утгыг ухаж бодоход л хэл сурах арга нь аяндаа тодроод ирнэ. Монгол хэлний ХЭЛ гэсэн үг үндсэн гурван утга илэрхийлнэ.

1. Хэл- эрхтэн

2. хэл- хэлэх, ярих

3. хэл- хэл/монгол хэл, солонгос хэл/

Эдгээр ойлголтууд ихэнх нь гадаад хэлэнд өөр өөр үгээр илэрхийлэгддэг. Англи хэлэнд tongue, speak, tell, language, солонгос хэлээр бол 혀, 말하다, 언어 гэсэн тэс өөр үндэстэй үг байдаг. Гэтэл монгол хэлэнд энэ гурван ойлголт нэг үндэстэй байдаг нь сонин.
Та өгүүлэх эрхтэн болох хэлтэй байж, түүнийгээ хэвшүүлж, хэлж ярьж байж хэлтэй болно гэсэн зүй тогтол ХЭЛ гэсэн үгэнд агууллагддаг.

Хэл сурахад хэл/эрхтэн/ зайлшгүй хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс хамгийн түрүүн хэл/эрхтэн/ээ анхаарах ёстой. Хэлээ хэвшүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл солонгос хэлээр ярихад хэлээ хэвшүүлнэ гэсэн үг. Монголоор яръж дассан хэлний хөдөлгөөн, солонгосоор ярихад дасах хэлний хөдөлгөөний дадал хоёр өөр.

Тэгэхээр хамгийн түрүүн хэлээ хэвшүүлэх дасгал хийх хэрэгтэй. Солонгос хэлэнд зориулж хэлээ хэвшүүлэх дасгал маш энгийн. Ердөө л 14 гийгүүлэгчийг эгшгээр амилуулсан хүснэгт. 가갸, 거여, 고교, 구규.......(хүснэгтийг өөрөө хийж болно)

Маш олон удаа давтаж унших хэрэгтэй. Хэл сурах нь толгойноос илүү хэлтэй холбоотой, хэл өөрөө эрхтэн болохоор дастал нь, хэвштэл нь давтах хэрэгтэй. Миний хувьд анх солонгос хэл зааж байгаа хүмүүстээ 100 удаа уншиж ирэх даалгавар өгдөг. Тэр даалгаврыг хэр биелүүлснээс тэдний дуудлага ихээхэн шалтгаалдаг.

Үүний үр дүнд огт солонгос хэл мэдэхгүй хүмүүс анхнаасаа зөв цэвэр дуудлагатай болж хэвшдэг. Та солонгос хэл суръя гэж бодож байгаа бол 가갸, 거겨, 고교, 구규, 그기 гэсэн үеийн хүснэгтийг маш олон далтан уншаарай. Бүр хэмнэлд оруулаад, удаашруулаад, түргэсгээд янз бүрээр уншихыг зөвлөе. Энэ дасгал маш энгийн мөртлөө хичнээн тустай дасгал болохыг онцлон хэлмээр байна.

Хэл сурахтай холбоотой нэгэн зарчмийг бид амьдрал дээрээс өөрсдөө харж болно. Хэлд орж буй хүүхдээс суралцах хэрэгтэй л дээ. Хүн анх төрөхдөө авиа гаргах чадваргүй төрдөг. Аа Аа Аа гээд ч байгаа юм шиг, арай өөр ч юм шиг, хүүхдийн уйлах авиа тодорхой бус сонсогдоно. Яагаад хүүхэд Аа Аа гэж уйлаад байгаа юм шиг сонсогдоно вэ гэхээр А авиа хамгийн хялбар авиа болохоор тэр. Бараг л ам ангайхад өөрөө аяндаа гарна.

А авиаг эс тооцвол хүн ямар авиа гаргах чадваргүй, өгүүлэх эрхтэн нь хөгжөөгүй төрдөг. Гэвч хэр хугацаанд, хэрхэн ярьж сурна вэ. Хэдэн сар, хэдэн жил юу ч дуугарахгүй зөвхөн сонсоно. Тоо тоймгүй олон удаа давтан сонсоно. Аав, ээж гэдэг үгийг хэдэн удаа давтан сонсож байж сая нэг юм хэлдэг бол доо. Хэдэн удаа сонож байж “аав” гэсэн үгийг хэлж байгааг тооцдогсон бол мөн их тоо гарна даа. Шуудхан аав, ээж гээд хэлчихгүй ээ бас. Аабаа, ээдээ.... гэж хазгай муруй хэлсээр хэлсээр байж эцэст нь нэг юм хэлдэг дээ.

Анх хэл сурах зүй тогтол бол ердөө л энэ. Тоомгүй олон удаа давтан давтан сонсоно, сонсоод зогсохгүй тоогүй олон удаа давтаж хэлнэ. Хэлд орж байгаа хүүхдийг бид мэднэ дээ. Хэлсэн үг болгоныг ямар уйгагүй давтаж хэлдэг билээ. Огт залхуурахгүй шүү. Хэрвээ тэр үедээ хүн залхуурдагсан бол хүн хэлтэй болж чадахгүй байсан биз.

Үүнээс бидний авах ёстой сургамж бол

Сонс, сонс, маш олон давтан сонс.

Сонссоноо давтан давтан хэл. Хэрэгжүүл, ярь

Хэл сурч байгаа хүн бага зэрэг “галзуу хүн” шиг байх хэрэгтэй гэж бодогддог. Хамаагүй, ганцаараа ч ярьдаг, хэнтэй ч хамаагүй, юуг ч хамаагүй, чадахгүй байсан ч хамаагүй солонгосоор ярьдаг байх хэрэгтэй. Энэ нь ХЭЛ гэсэн үгийн хоёр дахь утга болох “Хэл хэл бас дахин хэл” гэсэн зарчим болно. Зарим хүмүүс завсар зайгүй юм шалгаагаад залхааж гүйцдэг. Тухайн үедээ хэн хэндээ төвөгэй юм шиг байвч эцсийн дүндээ тийм хүмүүс л хэлтэй болж үлдэнэ дээ.

Гурав дахь ХЭЛ нь маш энгийн. Та хэлээ хэвшүүлчих/가갸-гаа уншаад/, тэгээд сонс, сонсоод бай. Дахин дахин сонс, сонссоноо заавал хэл/хэлд орж буй хүүхдийг сана/. Ингээд байвал та аяндаа хэлтэй болчихно. Мэдээж дүрэмтэй холбоотой тайлбар хэрэгтэй л дээ. Хэлний дамжаанд сууж байгаа хүмүүсийн хувьд дүрмийн талаар санаа зовох хэрэггүй болов уу.

Суурь мэдлэгийг заавал сайн эзэмших шаардлагатай байдаг. Энэ үе солонгос хэлний хувьд хамгийн хялбар үе. Эхний долоо хоногт суурь чадварыг бүрэн эзэмшчихнэ. Суурь мэдлэг олж авах үед хамгийн гол анхаарах зүйл бол зөв дуудаж, зөв уншиж сурах явдал. Хэлээ хэвшүүлэх дасгал ч энд багтана.

Дараагийн шатны чухал асуудал бол дүрэм. Дүрмийг өөр хэлтэй, ялангуя эх хэлтэйгээ харьцуулан тайлбарлахад үр дүн сайтай байхаас гадна дүрмийг ерөнхийлж, базаж заахад монгол хүнд их дөхөм байх шиг санагддаг. Солонгос хэлний сурах бичиг дэндүү задалж, нурших хандлагатай байдаг.

Дүрэм хэл зүйн ай бөгөөд салангид үгсийг холбож өгүүлбэр болгон тодорхой утга илэрхийлдгийн хувьд хэлний чухал хэрэгсэлийн нэг мөн. Тийм болохоор үгсийн нэгэн адил эн тэргүүнд тавигддаг.

Үг гэдэг бол хэл сурч байгаа хүн “нэг насаараа” зууралдах амаргүй даваа. Оюутнуудын хамгийн их асуудаг, бас хамгийн их тохиолддог бэрхшээл бол үг тогтоох явдал. Үгийн нэг онцлог бол ганцаараа нэг их хэрэглэгддэггүй, дангаараа тогтоогддоггүйд оршино. Үгийг аль болох холбож, болж өгвөл өгүүлбэрээр, бүр цаашлаад хэрэглэгдэх орчин нөхцөл, өнгө аястай нь тогтоовол тун зүгээр. Үгийн энэ онцлогийг л сайн бодолцох хэрэгтэй. Монголоор ч гэсэн хүн нөхөр “ШАР” гэж хэлэхэд хэн ч ойлгохгүй хэлсэн ганц үг хэдхэн хоромд мартагдана.

Ер нь хүн өөртөө тохирсон үг тогтоох арга олох нь л зүйтэй. Байж болох зарим нэгэн аргаас санал болгож болох юм.

Сайн суурь мэдлэгтэй болсоны дараа дүрмийн тодорхой хэмжээний ойлголт, үгийн сангийн зохих баялагатай болсноор суралцагч тэр хэлээрээ сонсож ойлгох буюу уншиж ойлгох боломжтой болно. Энэ шатнаас эхлэн хэл гэдэг зүйл өөрөө хүний бие даасан үйл ажиллагааг илүү шаарддаг. Өөрөө бие даан унших, сонсох зайлшгүй шаардлагатай болдог гэсэн үг. Дээрх хүснэгтийн дөрвөлжин доторх нь багш буюу заан зөвлөгчийн үйлдэл, үлдсэн хоосон зай нь суралцагчийн үйлдэл гэж үзэж болно. Ярих, бичих түвшинд болоод ирэхээр бараг зуун хувь суралцагчийн үйлдэл болох бөгөөд багш буюу зөвлөгч засаж залсруулах үйлдлийг л гүйцэтгэгч болно. Тэгэхээр танай хэлний чадвар дээшлэх тусам таны өөрийн чинь үйлдэл, хичээл зүтгэл улам нэмэгдэх болно.

Дүгнэвэл хэлний суурь мэдлэгийг сайн эзэмшээд, зохих хэмжээний үгийн сантай, дүрмийн тодорхой ойлголт болоод унших, сонсох тал дээр жаахан туслалцаа авчихад солонгос хэлийг өөрийн хичээл зүтгэлээр сайн сурч болно.

댓글 1개: