2010년 1월 13일 수요일

Дурлалын шүлгэн захидалууд-Нэг дэх захидал

Үзэмж төгс гоо охинд

Үлэмж догдлон бичихийн учир

Сайхан хүний сайхын явахыг харна гэдэг

Санааы зоргоор олддоггүй таливан гэж

Агуу Чойном

Аргагүй хэлсэн юм

Нартад сайхан юм гэж байдаг

Нандин сэтгэлийн эзэн гэж байдаг

Тэр бол дурлалаас өөр, шохоорхолоос өөр

Тэсэж ядан орцны үүд сахихаас өөр

Сэм сэмхэн цэлмэдэг, бас будардаг

Сэтгэлийн уудам тэнгэр гэж бий

Амьдралд залгуу ч юм шиг, салгуу ч юм шиг

Ариун сэтгэлийн орон зай гэж бий

Тэнгэр мэт тэр зай минь эзэнтэй байг

Тэр эзэн нь чи байг гэж

Эрдэнийн цэнхэр од

Газар буусан юм шиг

Эртний гоо бүсгүйн зураг

Сая амилсан юм шиг

Эгэл гоёхон охин чамд

Ийн бичиглэж байна

Битгий гайхаарай, үнэн шүү

Бишдийн адил биенд чинь шунаагүй

Гагцхүү сэтгэлийнхээ гүнд

Гангар цагаанаар сүндэрлүүлэх гэсэн юм

Цээжиндээ ургуулан тэрлэж

Цэцлэн дуулахыг хүссэн юм

Сэтгэж бичсэн бүхэн минь

Сэтгэлд чинь хүрсэн ч, хүрээгүй ч

Сүүдэрт даарсан хорвоогийн

Сүүн цагаан дусал гэж бодоорой

“Би шүлгийн хүн

Найргийн хүн

Уян хүн

Уяхан хүн”

Охин чи гайхах хэрэггүй

Олон зүйл эргэцүүлэх хэрэггүй

Онцын сайхныг дуулахыг хүсдэг

Оюун ухааны онгод гэж байдаг юм

Хариу нэхдэггүй, магтаал ч хүсдэггүй

Харамгүй өгдөг халуун үг гэж байдаг юм



Чихэнд чинь чимэг болон хоржигноод

Чилсэн бодолд чинь сэрүү таттал жирэлзээд

Урдуур чинь урсан өнгөрөх

Уулын бяцхан горхи гэж бодоорой

Сартай үдэш санаашран суухад чинь

Санаа алдуулан хацрыг чинь илбэчихээд

Сансрын уудамд уусан одох

Саваагүй хонгор салхин гээд бодчихоорой

Зарим хүмүүс зурмал бурхны өмнө сөхөрч шүтдэг

Зарим нь сэтгэлдээ зурж сэнхэрч шүтдэг

Харин би амьд “бурхан”-г шүтдэг

Хацар гоо хонгор бүсгүйд дурлаж шүтдэг

Өмнөө дэлгэж тахил өргөдөг

Өглөө бүр залбирч мөргөдөг

Нүднээ үзэгддэггүй далд бурхан

Нүүрээ харуулдаггүй нууц бурхан бус

Үеийн үед тасралгүй

Үзгээ хурцлаж бичсэн

Удам удам алгасалгүй

Улам цэцэлж магтсан

Сайхан төрсөн хүний үрийг

Санаашран бодож би шүтдэг



Өсгөж хүн болгосон аав ээжийгээ бас шүтдэг

Өдгөө ч араас минь санаа зовж

Өдөр шөнөгүй харуулдан байдаг

Хамаг насаа надад зориулчихаад

Харин одоо итгэлээ даатган суугаа

Өгөөмөр баян тэр хүмүүсийг

Өрөвдөн хайрлаж би шүтдэг

Одоо ингээд зогсъё

Олон үгээ товчилъё

Магтан дуулж байгаа

Уран гоо охин минь ээ

Сар нарны ээлжтэй хорвоод

Сайхан гэдэгтээ чи итгээрэй

Сайхан төрснийхөө шагнал болгож

Цайлган магтаалыг минь хүлээн аваарай

Чамд дурлаж

Чамайг дурлуулах нь олон ч

Найргаар захиадал бичих нь

Надаас өөр байгаа ч билүү

Урласан шүлгийг минь хүлээн авсанаа

Ухаант охин минь мэдэгдээрэй

Элдэвлэж хачирлаж дууриалгүй

Энгийн сайхнаар хариу бариарай

Надад ямар харагддагийг чинь

Найрагт яаж тусдагийг чинь

Үргэлжлүүлэн бичихийг хүснэ

Үүнийг зөвшөөрнө биз дээ



Бичсэн хүн нь би

Бичүүлсэн хүн чи

Өөрийн гараар бичээд

Өөрт чинь барив Эгийн салхи

댓글 없음:

댓글 쓰기